
Монголбанк энэ оны хоёрдугаар улирлын Мөнгөний бодлогын тайлангаа олон нийтэд танилцууллаа.
Монголбанкны Мөнгөний бодлонын хороо 2026 оны 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаад буй. Ингэж шийдсэн нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, үнийн дарамтыг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой аж.
Сүүлийн саруудад инфляц мах, хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэгдсэн ч эдгээр нь голчлон нийлүүлэлттэй холбоотой тул цаашид үнийн хүчтэй шок үүсэхгүй тохиолдолд оны сүүлийн хагасаас аажмаар буурч, 2027 оноос зорилтот интервалд тогтворжих төлөвтэй гэж үзсэн байна. Мөн нүүрсний экспорт сэргэж, зэс, алтны олборлолт нэмэгдсэн, томоохон бүтээн байгуулалтын төслүүд нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байгааг тайланд дурджээ. Үүнээс гадна банкны салбарын зээлийн идэвхжил, хөрөнгө оруулалтын өсөлт эдийн засгийн идэвхийг хадгалахад эерэг нөлөө үзүүлж байгаа аж.
Харин цаашдын төлөвт нөлөөлөх эрсдэлүүд хэвээр байгааг Төвбанк анхааруулав. Үүнд олон улсын геополитикийн тодорхой бус байдал, дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн савлагаа, мөн төсвийн бодлогын тэлэлт зэрэг нь инфляц болон эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Иймд Монголбанк эдгээр нөхцөл байдал, гадаад зах зээлийн өөрчлөлтийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд мөнгөний бодлогын арга хэмжээг тухай бүрд авч хэрэгжүүлэхээ тайланд дурджээ.