
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын эрх баригчид үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь 52 жилийн дараа анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсантай холбогдуулан лхагва гаргийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ.
“Ирвэсүүд” хочтой тус баг мягмар гарагт плей-оффын тоглолтод Ямайкийг нэмэлт цагт Аксель Туанзебегийн оруулсан гоолоор 1:0-ээр ялснаар финалын шатанд шалгарсан байна.
Конго улсын Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн яам энэ “түүхэн” ялалтын үр дүнд ард иргэдийг “эв нэгдэл, урам зориг, үндэсний бахархлаар” баяраа тэмдэглэх боломж олгохын тулд амралтын өдөр зарласан гэж мэдэгдэв.
Төв Африкийн энэ улс өмнө нь зөвхөн нэг удаа буюу 1974 онд (тэр үед Заир гэх нэртэй байсан) ДАШТ-д оролцож байжээ.
Олон байгууллага амралтын өдрийг мөрдөж, нийслэл Киншасад банкууд болон дэлгүүрүүдийн ихэнх нь хаалттай байв. Зарим ажил олгогчид ажлын өдрийг хэвийн үргэлжлүүлсэн бөгөөд амралтын тухай шийдвэр орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт (GMT 07:00) гэнэт зарлагдсан нь нөлөөлжээ.
Мягмар гарагийн тоглолт маш ширүүн өрнөсөн бөгөөд өмнө нь Манчестер Юнайтед багт тоглож байсан Туанзебе 100 дахь минутад ялалтын цорын ганц гоолыг оруулсан байна. Лхагва гарагийн шөнийн 01:00 цагийн орчимд ялалт баталгаажсаны дараа Киншасад баярласан хөгжөөн дэмжигчид гудамжинд гарч тэмдэглэжээ.
Конго улс олон арван жилийн турш зөрчил мөргөлдөөнд нэрвэгдсэн. Өнгөрсөн оны эхээр M23 босогчид тус улсын зүүн хэсгийн томоохон газар нутгийг эзэлснээр мөргөлдөөн хурцадсан. Хөрш Руанда улс M23 бүлэглэлийг дэмждэг гэж өргөнөөр үздэг бөгөөд хоёр улсын удирдагчид сүүлийн жилүүдэд харилцан ширүүн үг солилцож байсан ч Руандагийн засгийн газар Конгод баяр хүргэжээ.
Засгийн газрын дэд хэвлэлийн төлөөлөгч Жан Морис Увера X сүлжээнд “Ирвэсүүд Африкийн төлөө урагшилж байна! Бүгд Найрамдах Конго улсад баяр хүргэе, дэлхийн тавцанд тивээ бахархуулаарай” гэж бичсэн байна.
Конго улсын эхний тоглолт АНУ-ын Хьюстон хотод зургадугаар сарын 17-нд Португалийн эсрэг болно. Мөн тэд хэсгийн шатанд Колумби болон Узбекистантай тоглоно.
Конго улс АНУ, Мексик, Канад хамтран зохион байгуулах энэ жилийн өргөтгөсөн ДАШТ-д шалгарсан Африкийн 10 дахь улс болж байна.

Туанзебе мягмар гарагийн орой оруулсан гоолоо өөрийн карьерын “маргаангүй хамгийн чухал” гоол гэж тодорхойлжээ. “Би багтаа, эх орондоо тэр гоолыг оруулсандаа маш их талархаж байна. Энэ нь ямар их ач холбогдолтой, хүмүүст ямар их баяр баясгалан авчирч байгааг би ойлгож байна” гэж тэр хэлсэн байна.