
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь шатар, и-спортыг дэмжиж хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх юм.
Үндэсний шигшээ баг байгуулсан спортын төрлүүдийг дэмжиж хөрөнгө оруулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувиас чөлөөлөх хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд хөрөнгө оруулсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх спортын төрлүүдэд шатар, и-спортыг нэмж оруулахаар хуулийн төслөө боловсруулжээ. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин хамт өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварын тухай, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй.