
Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн туурьд археологийн малтлага судалгаа явуулжээ. Энэхүү судалгаа нь 2025 онд эхлүүлсэн археологийн малтлага, судалгааны ажлын үргэлжлэл юм. Монголын талаас доктор Л.Эрдэнэболд, академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава, Хитоши Мүраока нар удирдаж, археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны багийнхан “Монголын бурхны шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн”-ийг илрүүлжээ. Малтлага судалгаагаар дурсгалт газрын зүүн хэсэгт орших томоохон барилга, түүний урд жижиг барилгад малтлага хийхэд төв танхим, бурхны таван тооны суурь, тэдгээрийг тойрсон горооны зам илэрсэн байна.
Мөн малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илэрчээ. 2025 онд Япон улсад хийлгэсэн нас тогтоох шинжилгээгээр уг сүм нь XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед хамаарах он цаг гарсан нь Монголын анхны хийд Эрдэнэзуугийн цаг үетэй таширч буй.
Академич С.Чулуун
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүм хэмээх хуучин сууринд хоёр жилийн хугацаанд археологийн малтлага судалгаа явагдсан. Энэ хоёр жилийн хугацаанд Монголын бурхан шашинтны түүхэнд хэд хэдэн онцгой зүйлүүдийг тодруулж болохоор байна. Нэгдүгээрт, Эрдэнэзуу хийдийн үед хамаарах нэгэн томоохон хийд энэ цаг үед байж. Харин эзний хувьд бид одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Гэхдээ энэ бол Цогт тайжийн бага хүү Заан хунтайжийн эзэмшиж байсан газар нутаг. Хоёрдугаарт, ханын зураг илэрсэн. Уг зургаас бурхны шашны хөгжил, цэцэглэлт, урлагийн төрлийг харж болно. Гуравдугаарт, өнгөрсөн жилийн малтлагаас Японд аваачин шинжилгээ хийлгэхэд Монголын ууган хийдүүдийн нэг гэж үзэж байгаа. Дөрөвдүгээрт, үйсэн дээр бичсэн олон судар олдсон. Чингис хааны хөвгүүд дүү нартаа айлдсан билиг сургаалын хэсэг олдсон нь бүр ч онцгой. Энэ сургаал Лу.Алтан товчид байдаг. Тэр үед, эсвэл арай өмнө Чингисийн билиг сургаалыг бурхны шашны ном судартай зэрэгцүүлэн түгээн дэлгэрүүлж байсан гэдгийг харуулж байгаа юм.
Японы Монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Такаши Мацүкава
Бид 30 гаруй жил хамтран ажиллаж байхад янз бүрийн хуучин суурин өв, дүрс бичиг, хадны бичиг, чулуун сийлбэр зэрэг олдворууд олж байсан. Энэ удаагийн малтлагаар үйсэн ном олдлоо. Монгол бичгээр уншиж тайлах гээд бидний ажил их байна. Мөн Монголоос титан бичиг олдсон. Одоогоор титан бичиг уншигдаж, тайлагдаагүй. Гэхдээ өнгөрсөн зун Булган аймагт агуйн дотроос титан бичиг олдсон. Олдворын он цагийг тогтоох нь маш нарийн ажил байдаг. Япон болон АНУ-д цаг хугацааны тооцооллыг нягтлан хийж байна. Бид түүхч учраас шинжлэх ухааны он цагийг нарийн гаргахгүй. Харин энэ тооцоолол нь түүхийн явцдаа нийцэж байх ёстой. Олон сүмд хийсэн малтлагын үеэр шавраар хийсэн бурхны хэсэг, эрдэнийн чулуугаар хийсэн эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг ховор олдвор илэрсэн. Гэтэл Японд хийсэн шинжилгээгээр уг сүм нь XVI-XVII зууны эхний хагаст хамаарна гэсэн тооцоолол гарч ирсэн.
2026 оны судалгааны хамгийн онцлох үр дүн нь хоёр малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн судрын нийт 30 орчим хэсэг илэрчээ. Эдгээр үйсэн судруудын хэсгийг Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагч нар анхны сэргээлтийг хийсэн бөгөөд эхний хэсгийн уншилтаар шашны ном, зурхай болон сургаалын шинжтэй зүйл бичсэн нь мэдэгдсэн байна. Цаашид нарийвчлан судалж, сэргээн засварласнаар он цагийг тогтоох юм. Эдгээр олдвор, барилга байгууламжийн зохион байгуулалт, ханын зураг, үйсэн судруудаас үзэхэд Онон сүм нь Монголын анхны сүм хийдүүдийн нэг, уран барилга, шашин, бичгийн соёлын томоохон төв байсныг илэрхийлж байгааг судлаачид онцлов.

