
АНУ-ын FBI буюу Холбооны мөрдөх товчоо Ираны төлөө тагнуул хийсэн хэрэгт 2019 онд буруутгагдсан Агаарын цэргийн хүчний тагнуулын хуучин мэргэжилтэн Моника Виттийг баривчлахад хүргэх мэдээлэлд 200 000 ам.долларын шагнал санал болгожээ.
Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ ХМТ түүнийг одоо хүртэл эрэн сурвалжилж байгаа гэдгийг дурдаад Витт 2013 онд Иран руу дүрвэсэн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэр “Ираны хууль бус ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж байж болзошгүй” гэдгийг агентлаг онцолжээ.
“ХМТ энэ хэргийг мартаагүй. Ираны түүхэн дэх энэ эгзэгтэй үед түүний хаана байгааг мэдэх хүн байгаа гэдэгт бид итгэж байна” гэж ХМТ-ны Вашингтоны салбарын Сөрөг тагнуул болон Кибер хэлтсийн тусгай агент Даниэл Виерзвики мэдэгдэлдээ дурдсан байна. Түүний энэ үг нь АНУ болон Ираны хооронд үргэлжилж буй хурцадмал байдлыг хэлсэн гэж шинжээчид үзэж байна.
“ХМТ таниас мэдээлэл авахыг хүсэж байна. Ингэснээр бид Виттийг баривчилж, хуулийн өмнө аваачих боломжтой болно” гэж тус мэдэгдэлд дурджээ.
Витт нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний тусгай мөрдөн шалгах албаны сөрөг тагнуулын ажилтан байсан. Тэрээр 2003-2008 оны хооронд Ойрхи Дорнодод холбоотой сөрөг тагнуулын ажиллагаанд оролцож байжээ.
2019 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхий прокурорын туслах Жон Демерс Иран түүнийг онилон элсүүлсэн гэж мэдэгдэж байсан бөгөөд Витт дүрвэснийхээ дараа Иранд “маш өндөр нууцлалтай тагнуулын мэдээлэл цуглуулах хөтөлбөр”-ийн талаар болон АНУ-ын тагнуулын ажилтны хэн болохыг илчилсэн гэж буруутгагдсан байна. Ингэснээр тухайн ажилтны амь насанд эрсдэл учруулсан гэж үзжээ.
Прокуроруудын гаргасан яллах дүгнэлтэд дурдсанаар Витт 2012 оны нэгдүгээр сараас 2015 оны тавдугаар сар хүртэл Иран болон АНУ-аас гаднах бусад газарт иранчуудтай хамтран “АНУ-ын үндэсний батлан хамгаалалттай холбоотой баримт бичиг болон мэдээллийг АНУ-д хохирол учруулж, Иранд ашигтай байдлаар ашиглагдана гэдгийг мэдсээр байж” дамжуулсан гэжээ.
Түүнийг дүрвэсний дараа Ираны төрийн албаныхан Виттийн үйл ажиллагааг дэмжихийн тулд орон сууц, компьютерийн тоног төхөөрөмж зэрэг “бараа, үйлчилгээ” үзүүлсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан байна.
Одоогоор АНУ-д түүнийг төлөөлөх өмгөөлөгч байгаа эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Мөн уг хэрэгт дөрвөн иран иргэнийг хуйвалдаан, компьютерийн системд хууль бусаар нэвтрэх оролдлого болон хүндрүүлсэн хувийн мэдээлэл хулгайлах хэрэгт буруутгасан байна.