
Дайныг эсэргүүцдэг “Яблоко” намыг чөдөрлөж байгаад санал хураасан ээлжит сонгуульд аанай л Ерөнхийлөгч Путины “Нэгдсэн Орос” нам илүүрхсэн мэдээтэй зэрэгцэн Нобелийн Энхтайвны шагналт, сэтгүүлч Дмитрий Муратов Оросын шоронд тарчилж буй улс төрийн хоригдлуудын хувь заяанд анхаарал хандуулахыг дэлхий нийтэд уриаллаа.
Геополитикийн талбарт хоногоор л аяг нь өөрчлөгдөх улстөрчдийн араншин, дипломат яриа хэлэлцээрийн ард үзэл бодлынхоо улмаас торны цаана хашигдсан эгэл хүмүүсийн хувь заяа замхрах вий гэх айдас улам бүр нэмэгдсээр. Үг хэлэх, дайныг эсэргүүцэх, хууль ёсны шүүмжлэл өрнүүлэх эрх нь гэмт хэрэгт тооцогддог болсон Орос оронд улс төрийн хоригдлуудын эрүүл мэнд, амь нас агшин хормоор хэмжигдэх болсон нь бодит үнэн билээ.
Кремлийн эрх баригчид төрийн бодлогыг шүүмжилсэн нийгмийн зүтгэлтнүүд байтугай жирийн иргэд, уран бүтээлээр үзэл бодлоо илэрхийлэх гэж оролдсон урлаг соёлын төлөөлөгчдийг “армийн нэр хүндийг гутаан доромжилсон”, “терроризмыг зөвтгөсөн”, “эх орноосоо урвасан” гэх зүйл ангиар яллах тохиолдол Украины дайн эхэлснээс хойш илүү системийн шинжтэй болж өргөжсөн. Зөвхөн эрх чөлөөг нь хязгаарлаад зогсохгүй, бие болон сэтгэл зүйгээр нь хүчирхийлж буй олон жишээг Муратов дэлгэлээ.
Нобелийн Энхтайвны шагналт, “Новая газета” сонины ерөнхий редактор асан Дмитрий Муратов
Би олон орны Ерөнхийлөгч, тэргүүн дипломатчид болон Элчин сайд нартай уулзаж ярилцсан. Гэвч Оросын шоронд улс төрийн хоригдлууд хэрхэн амьдарч, амиа алдаж байгааг одоо хэн ч сонирхохоо больсон нь эмгэнэл гэлтэй. Үүнийг өөрчлөхөд надад туслаач.
Светлана Петрийчук Евгения БерковичУрлаг нийгмийн толь гэдэг утгаар дайны хор хөнөөлийг тайзнаа өгүүлэх нь уран бүтээлчийн ёс зүйн сонголт байдаг. Гэвч өдгөө Москвагийн эрх баригчдын хувьд жүжиг, яруу найраг ч аюултай зэвсэгт тооцогдох болсон. Нэгэн цагт Оросын драмын урлагийг олон улсын наадмуудад тахалж явсан найруулагч Евгения Беркович болон жүжгийн зохиолч Светлана Петрийчук нарт терроризмыг сурталчилсан хэргээр зургаан жилийн ял оноосон нь хоёр жилийн өмнөх явдал. Гэтэл Сири рүү дүрвэн исламын радикал бүлэглэлийнхний эхнэр болсон орос бүсгүйчүүдийн тухай бодит түүхийг өгүүлдэг “Финист ясный сокол” жүжгээ уран бүтээлчид бүр 2020 онд тайзнаа тавьж хойтон жил нь Оросын театрын дээд шагнал “Алтан маск” цом хүртэж байв. Кремлийн үзэл сурталчид 2024 онд гэнэт л жүжгээс терроризмыг зөвтгөсөн “үндэслэл” олж харснаар мөрдөн шалгалт эхэлжээ. Урлагийн сургуулийн хөтөлбөрт багтан, шагшуулж явсан бүтээл ийнхүү радикал феминизмийг сурталчилж, Оросын төрийн эрх мэдэлд эр хүйстэн давамгайлдаг хандлагыг эсэргүүцсэн нэр зүүх нь тэр.
Найруулагч Евгения Берковичийг шоронд хорьсон цагаас ялихгүй шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулан тусгаарлах камерт шилжүүлж сэтгэл зүйн болон бие махбодын асар их дарамт үзүүлж байгааг Муратов дээрх ярилцлагадаа өгүүлсэн. Толгойн алчуураа буруу зүүсэн, ороо гүйцэд хураагаагүй, хянагч орж ирэхэд гараа ардаа хурдан аваагүй гэх мэт дэглэм чангалах шалтаг мундахгүй. Ард үлдсэн хөгжлийн бэрхшээлтэй охид, өндөр настай ээжтэйгээ утсаар ярих эрхээ хүртэл хасуулсан Беркович хоригдсон хоёр жилийн хугацаанд 40 гаруйхан кг жинтэй болтлоо турж эцэн, эрүүл мэнд нь ноцтой аюулд ороод байгаа ч эмнэлгийн тусламж түүнийг тойрсоор.
Павел Кушнер“Өлсгөлөн зарлаж нас барсан улс төрийн хоригдол” хэмээн түүхэнд бичигдсэн Павел Кушнер уг нь авьяаслаг, ирээдүйтэй төгөлдөр хуурч байв. Алс Дорнод дахь Еврейн автономит муж болох Биробиджаны филармонийн хөгжимчин тэрээр 2022 оны намраас дайныг эсэргүүцэх үзэл бодлоо ил тод илэрхийлэх болж youtube суваг дээр дөрвөн богино бичлэг нийтэлжээ. Сүүлийн бичлэгтээ Бучад болсон халдлагыг “Оросын ичгүүр” хэмээн нэрлэж, иргэдийг цуст дайныг эсэргүүцэхийг, мөн улс төрийн бүх хоригдлыг суллахыг уриалсан тул терроризмыг сурталчилсан хэргээр баривчлагдав. Эрх баригчид түүнийг урьдчилан хорих төвд өлсгөлөн зарлах явцдаа нас барсан гэж зарласан ч найз нөхөд нь төгөлдөр хуурчийн цогцсоос зодуур, тамлалын ул мөр олон шарх сорви олж үзсэнээ нотлодог юм.
Андрей ШабановХөгжимчний замнал нь шоронгийн ханан дунд төгсөж мэдэх дараагийн хүн бол Самара хотын саксофонч Андрей Шабанов. Фейсбүүк хуудсандаа дайныг эсэргүүцсэн зүйл нийтэлсэн хэргээр зургаан жилийн ял сонссон Шабанов арьс, үе мөчний хүнд хэлбэрийн өвчнөөр шаналан байнгын асаргаа, тусгай эмчилгээ шаардлагатай байгаа ч хорих байранд түүний эмийг нь хураан авч, хүнлэг бусаар харьцаж байгааг ээж нь хэвлэлд өгүүлжээ. Энэ мэтээр хоног хоногоор бие нь дордох хүнд өвчтөнүүдийг ямар ч өршөөл магадлангүйгээр үргэлжлүүлэн хорьсоор байгаа нь Оросын засан хүмүүжүүлэх систем хоригдлуудыг аажмаар устгах бодлого баримталж байгааг харуулж байгаа юм.
Оросын хууль тогтоох байгууллага, орон нутгийн хуралд иргэдийн төлөөлөл болон сонгогдсон хүмүүс дайны эсрэг дуугарвал илүү чанга ял сонсдог. Москва хотын Мещанский дүүргийн депутат асан Алексей Горинов нь Оросын армийн үйл ажиллагааны талаар “худал мэдээлэл түгээсэн” гэх шинэ заалтаар долоон жилийн ял сонссон анхны улс төрийн зүтгэлтэн болсон. Түүний “өдүүлсэн” гэмт хэрэг нь дүүргийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлах тухай санал гарахад “Украинд өдөр бүр хүүхдүүд амиа алдаж, дайн болж байхад бид ямар уралдаан тэмцээн ярих юм бэ” гэж хэлсэн үг байв.
Жар хол гарсан настай, уушгины хүнд хагалгааны дараа тэнхэрч амжаагүй Гориновд эмчийн үзлэг хийх байтугай шаардлагатай эм бэлдмэлийг нь оруулахыг хориглон, шоронгийн чийгтэй, хүйтэн нөхцөлд тусгаарлаж амь насыг нь зориудаар эрсдэлд оруулжээ.
Алексей ГориновОросын нийгэмд хэлмэгдүүлэлтийн үе шиг нэгнээ матдаг, айдас хүйдэст бүрнээ автсан тоталитар дэглэмийн сүүдэр эргэн туссаныг 68 настай хүүхдийн эмч Надежда Буяновад тохиолдсон явдал бэлхнээ гэрчилнэ.
Надежда БуяноваНасаараа хүүхдийн эрүүл мэндийн төлөө зүтгэсэн ахмад эмч үйлчлүүлэгчтэйгээ хувийн яриа дэлгэхдээ дайныг шүүмжилсэн үг унагасан нь урт хошуутны олз болон чанга дэглэмтэй хориход 6 жилийн ял эдэлж байна.
Хэлмэгдүүлэлт зөвхөн Оросын иргэдээр хязгаарлагдахгүй, эзлэгдсэн бүс нутаг болон хүмүүнлэгийн салбарт ажиллаж байсан сайн дурын ажилтнуудыг ч хомроглох боллоо. Дайн эхэлснээс хойш энгийн иргэдэд тусалж, хүмүүнлэгийн тусламж хүргэж байсан сайн дурын ажилтан Александра Стрелецийг эхийнх нь хамт Оросын тусгай албад баривчилж, “эх орноосоо урвасан” болон дайсагнагч талд тусалсан гэх үндэслэлээр 12 жилийн хорих ял оноожээ.
Александрагийн түүх бол Оросын шоронгийн тогтолцоо хүний сэтгэл зүйг хэрхэн хэрцгийгээр гишгэчиж байгаагийн тод жишээ. 18 сартай охин Лера нь хүнд өвчнөөр эмнэлэгт насан эцэслэхэд ээжид нь үрээ сүүлийн удаа тэврэх, үгүй ядахдаа оршуулгад нь оролцох ч боломж олгосонгүй.

“Охиныхоо дууг, инээхийг нь ганц удаа ч болов сонсож чадалгүй явуулсандаа би насан туршдаа харамсаж явна”
Александра Стрелецийн шоронгоос бичсэн захидал
Дмитрий Муратов болон хүний эрхийн олон улсын байгууллагууд АНУ, Европын Холбоо болон өрнөдийн бусад дипломатууд, тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нарт хандан удаа дараа уриалга хүргүүлж байгаа. Орос болон барууны орнуудын хооронд өндөр хэмжээний яриа хэлэлцээ, дипломат уулзалтууд үргэлжилж байгаа ч улс төрийн хоригдлуудыг суллах, солилцох асуудал огт хөндөгдөхгүй байгаа нь тэдний сэтгэлийг зовоож буй аж. Муратов “Тусгай элч нар Москва руу олон удаа нисэж, тохиролцоо хийхийг эрмэлзэж байна. Гэвч буцах бүрд онгоц нь хоосон л буцдаг. Хорих, засан хүмүүжүүлэх газарт цаг бусаар амиа алдах эрсдэлтэй, эрүүл мэнд нь доройтсон улс төрийн хоригдлуудыг онгоцондоо суулгаад явж яагаад болохгүй гэж? Тэдэнд туслах нь дипломат ажиллагааны наад захын хүмүүнлэгийн алхам байх ёстой” хэмээн мэдэгдсэн юм.
Оросын шоронгуудад өнөөдөр мянга мянган хүн зөвхөн үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцсэнийхээ төлөө, эсвэл зүгээр л шударга ёсны талд зогссоныхоо төлөөсөнд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний нэр сонины нүүрнээс арчигдаж, олон улсын анхаарал бууран Кремлийн хоригдлууд чимээгүй зовлонгийнхоо намагт улам гүн шигдсээр байх аж. Тэдэнд өнөөдөр хэрэгтэй зүйл бол зөвхөн өрөвч сэтгэл биш, эрх чөлөөгөө эргүүлэн олгож авахад нь түлхэц өгч чадах дипломат бодит дарамт, олон улсын идэвхтэй нөлөөлөл юм.