
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ.
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Бүлгийн гишүүд зээлийг үр ашигтай бүтээн байгуулалтад зарцуулж, бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхдээ нийтэд таниулах ажлыг сайжруулах нь чухал гэдгийг онцлов.
Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийн зорилго нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, удирдлага зохион байгуулалтыг тодорхой болгож, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах харилцааг шинэчлэн зохицуулна. Хууль санаачлагчид Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталж, тухайн үеийн эдийн засгийн шилжилтийн нөхцөлд нийцсэн зохицуулалттай байсан боловч өнөөгийн бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын бодлого, төр‑хувийн хэвшлийн түншлэл, олон улсын худалдаа, өрсөлдөх чадварын шаардлагад бүрэн нийцэхгүй болсон гэж үзсэн байна.
Түүнчлэн хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгэм, эдийн засгийн хүлээлтийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхээр боллоо.