
БНТУ-ын Анталья хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31) шинэ тохиролцоонд хүрч чадсангүй өндөрлөлөө.
Хэлэлцээ баасан гарагт дуусах ёстой байсан ч нийтлэг ойлголцолд хүрэх гэсээр ням гарагийн орой хүртэл сунжирч, түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн НҮБ-ын уур амьсгалын бага хурал болжээ.
Гэвч эцсийн хувилбар нь дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон чулуужсан түлшийг шууд дурдаагүй тул Европын холбоо, Номхон далайн арлын орнууд болон бусад улсад хүлээн зөвшөөрөгдсөнгүй. Нөгөө талд ядуу буурай орнууд дулаарлын нөлөөнд дасан зохицоход нь туслах тодорхой санхүүгийн амлалтыг чинээлэг орнууд өгөөгүйг эсэргүүцсэн байна.
Уур амьсгалын бага хурлын үндсэн хэлэлцээр хамгийн сүүлд 2009 оны Копенгагены хурлаар ийнхүү бүтэлгүйтэж байсан юм.
Албан тушаалаасаа буухын өмнөх сүүлийн уур амьсгалын бага хуралд оролцсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “үнэхээр сэтгэл дундуур байна” гэж мэдэгджээ. Тэрбээр чулуужсан түлшний нөлөө бүхий хүчирхэг эрх ашгийг шүүмжилж, тэд тамхи үйлдвэрлэгчдийн арга барилыг ашиглан шинжлэх ухааныг гуйвуулж, бодлогыг хойшлуулснаар энгийн иргэд төлөөсийг нь төлж байна хэмээв.
Хэлэлцээг хамтран зохион байгуулсан Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе энэ бүтэлгүйтлийг геополитикийн нөхцөл байдалтай холбон тайлбарлав.
Хоёр долоо хоног үргэлжилсэн хэлэлцээний дараа мухардалаас гарахын тулд ням гарагийн үүрээр шинэ гэрээний төсөл танилцуулжээ. Гэвч баримт бичигт “чулуужсан түлш” гэх үгийг огт дурдсангүй. Нүүрс, газрын тос, байгалийн хийн талаар цорын ганц удаа шууд бусаар дурдсан нь 2023 онд COP28 хурлаар улс орнууд эрчим хүчний системд чулуужсан түлшнээс шилжихээр тохиролцсон шийдвэрийг заасан хэсэг байв.
Ирландын сайд Дарраг О’Брайен үүнийг Европын холбоо хүчтэй эсэргүүцэж буйг тодорхой илэрхийлж, эдгээр шийдвэр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай зорилтын түвшинд огт хүрэхгүй байна гэжээ. “Чулуужсан түлшийг огт дурдаагүй уур амьсгалын гэрээ байгуулна гэдэг ухамсрын хувьд хүлээн авахын аргагүй зүйл” хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм. Панам болон Маршаллын арлууд зэрэг бусад орон ч уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулахад хангалтгүй хэмээн шүүмжилжээ.
Даваа гарагийн эхний төсөлд “чулуужсан түлш” гэх үг зургаан удаа орсон нь газрын тос олборлогч орнуудад хүлээн зөвшөөрөгдсөнгүй. Саудын Арабын төлөөлөгч Мохаммад Аюуб Арабын орнууд сайн санааны үүднээс үргэлжлүүлэн оролцсон ч түүхэн хугацаанд хүлэмжийн хийн ялгарлын багахан хувийг л эзэлж ирсэн хэмээн маргажээ. Орос нүүрс, газрын тос, байгалийн хийн асуудлаар уриа лоозон руу шилжихгүй байхыг сануулж, хэрэв улс орнууд чулуужсан түлшнээс хэт хурдан татгалзвал түлшний хомсдолд хүргэнэ гэж мэдэгджээ.
Хэлэлцээний өөр нэг гол саад нь хэт халуун, хүчтэй ган гачиг зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицоход ядуу буурай орнуудад олгох санхүүжилт байв. Өнгөрсөн жил Бразилд болсон COP30 хурлаар улс орнууд энэ зорилгоор олгох санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон юм. Харин энэ жилийн гэрээнд тодорхой тоо баримт ч, тэр амлалтыг хэмжих суурь үзүүлэлт ч тусгагдсангүй. Энэ нь чинээлэг орнуудад бултаж зайлах хэтэрхий их орон зай өгнө гэх болгоомжлолыг төрүүлжээ.
Хэлэлцээг Туркийн Анталья хотод зохион байгуулсан ч албан ёсны хэлэлцээг Австрали удирдан явуулсан нь зарим ажиглагчийн тодорхойлсноор эмх замбараагүй нөхцөл байдлыг үүсгэжээ.
Үндсэн гэрээ бүтэлгүйтсэн ч зарим тохиролцоонд хүрч, эдийн засаг цэвэр эрчим хүч рүү шилжих үед ажилчид болон орон нутгийн иргэдийг дэмжих шударга шилжилтийн механизмд ахиц гарчээ. Мөн 80 гаруй орон дэлхийн эрчим хүчний хэрэглээнд цахилгааны эзлэх хувийг 2035 он гэхэд 35 хувьд хүргэх Туркийн зорилтыг дэмжсэнийг COP31-ийн ерөнхийлөгч мэдэгдэв.