
Тууль бол ардын аман зохиолын шүлэглэн хэлэх томоохон төрөл бөгөөд түүнийг аялгуулан хайлах нь монголчуудын өвөрмөц соёлын биет бус өвийн нэг билээ. Энэ уламжлалыг хадгалж, залуу үед өвлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг Ховд аймагт өрнүүлж байна.
Тодруулбал, Жангар туулийг заан сургах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Сургалтад хамрагдах хүсэлт гаргасан 50 гаруй хүнээс 10 оролцогчийг сонгон авчээ. Тэд 10 хоногийн хугацаанд тууль хайлах арга барил, товшуур хөгжимдөх ур чадварыг эзэмших юм. Ингэснээр Жангар туулийг язгуур хэв шинжээр нь өвлөн хамгаалж, соёлын биет бус өвийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.
Сургалтыг СГЗ, төрийн батламжит туульч А.Балдандорж тэргүүтэй туульчид удирдан чиглүүлж байгаа юм. Ингэхдээ нэрт туульч М.Пүрэвжал агсны аялгуу, хэв маягийг сэргээн амилуулахыг зорьж байгаа нь чухал ач холбогдолтой.
Жангар тууль нь 15–17 дугаар зууны үед ойрад монголчуудын дунд аман уламжлалаар дамжин хөгжсөн баатарлаг тууль бөгөөд монгол ардын соёлын үнэт өвд тооцогддог.