
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан Б.Э-д хахууль өгсөн гэх нэр бүхий иргэдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
Иргэн Д.М, Б.А, Ц.Т, П.Б, Д.Б, Б.Н нар нь өөрийн барьсан үл хөдлөх хөрөнгөд хаягийн тодорхойлолт авалгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахын тулд, иргэн О.Н нь хадам аавынхаа өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор, иргэн Ж.О нь эцгийнхээ өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор, иргэн Н.С, Ш.О, Б.А, М.Б нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түргэн хугацаанд гаргуулахын тулд, иргэн Ч.Б нь хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах зорилгоор тус тус нийтийн албан тушаалтан Б.Э-д бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан удаа дараагийн үйлдлээр хахууль өгсөн гэх зэрэг эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан Б.Э-д нэр бүхий иргэдээс өгсөн гэх хахуулийн нийт хэмжээ 500 гаруй сая төгрөгөөр тооцогдож байгаа аж.