
Хүн гэгч амьтан эгшиг дуутай хамт төржээ. Үгүй ээ, эгшиг аялгуутай хамт орших хувь тавилан заяажээ.
Гурван мянган жилийн өмнө тохиосон атал хүний оюун санаанаас үл замхрах нэгэн түүх эхэлсэн нь Италийн баруун эргийн Тускани хотод болсон явдал. Гьюдо Аритински хэмээх лам газар орноор бэдэн явахдаа тус хотод дуу эгшгийг тэмдэгт буулгах аргыг олж түүнийг нь “доминикус” хэмээн нэрлэсэн байдаг. Энэ бол хөгжмийн хэл буюу долоон эгшиг бөгөөд “эзэн” гэх утгатай үгээр ийн титэмлэжээ.
Ерөөс хүн бүр амьдралынхаа туршид ямар нэгэн дууг өөрийн мэдэлгүй аялж явдаг. Сэтгэлд нь мөнөөх дуу, эгшиг аяндаа аялагдаад байдаг оньс нь магадгүй дотоод дахь марташгүй дурсамжтай нь холбоотой ч байж мэдэх юм. Зарим эгшиг зуурдынх бол цөөн хэд нь хүний дотор үлдэж, амьдралынх нь нэг хэсэг болтлоо шингэдэг. Тийм аялгууг бүтээдэг хүмүүс өөрсдөө цаг хугацаанд захирагддаггүй. Харин ч эсрэгээрээ, цаг хугацааг аялгуун дотроо шингээж чаддаг. Монголын хөгжмийн урлагт ийм чанарыг өөртөө цогцлоосон цөөнгүй хөгжмийн зохиолч төрсний нэг нь Төрийн соёрхолт Цогзолын Нацагдорж.
Түүний хөгжим өөрийн гэсэн бүтэц, зохиомжтой гэдгээрээ ялгардаг. “Олноос онцгойрох юмгүй атал дотор нь олон давхар утга, сэтгэлгээний нягт бүтэц нуугдаж байгаа нь анзаарагддаг” хэмээн нэрт морин хуурч Л.Идэрбат гуай дурсаж байв. Чухам эл чанар нь л түүнийг хөгжмөөр сэтгэдэг, тухайн цаг үед хэн бүхний зориглоод байдаггүй дуурь, сифмони зэрэг томоохон бүтээлийг л туурвих их хүсэлд хөтөлсөн болов уу гэж санана. Тиймдээ ч бүтээлүүд нь дотогшоо, заримдаа хачин хүнд ч юм шиг мэдрэмж төрүүлдэг. Үнэхээр л түүний хөгжмөөс нэн түрүүнд сонсогчдод хүрэх нь “дотоод өрнөл”. Энэ нь үйл явдал, текст, дүрээс үл хамааран өөрөө өөрийгөө тэлж, өөрөө өөрийгөө хөгжүүлдэг урсгал. Симфони хөгжмийн суурь зарчим болох энэ шинж чанарыг тэр зөвхөн томоохон хэлбэрт бус дуу, концерт, дуурь гээд бүх бүтээлдээ нэвт шингээснээрээ онцлогтой. Иймээс түүний бүтээлүүдийг сонсоход эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн гаднах бүтэц биш харин тасралтгүй үргэлжлэх, хүн гэгчийн бие махбодиор бус сэтгэлээр туулсан амьдралын урсгал тэмтрэгдэнэ.
Ай хө, авч гарсан чулуу минь алганд хөлрөөд байх юм аа... 1980-аад оны сүүлээр бүтсэн “Нутгийн чулуу” хэмээх эл дуу бол Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сүлд дуулал билээ. Тус сумын ой болоход бие нь тааруухан эмнэлэгт хэвтэж байсан хүний их эмч, төр нийгмийн зүтгэлтэн Г.Зуунай гуай төрсөн нутгийнхаа тухай шүлэг бичсэнээ дуу болгохоор сэтгэж хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржид ханджээ. Дуу бүтсэний хойно тухайн үеийн Улсын Драмын Эрдмийн театрын дуучин, одоогийн Ардын жүжигчин А.Дашдэлжээгээр дуулуулж нийтэд хүргэсэн байна. Энэ тухайгаа тэрээр “Дуу бүтээд хэдхэн хоногийн дараа, харин надад дуулгасан тэр орой нь оркестртой бэлдээд маргааш нь болох “Алтан намар” тоглолтод дуулж билээ. Хэзээний мэддэг л юм шиг аялгуутай байсан” хэмээн дурсана. Үүнээс хойш олон чадалтай дуучид дуулжээ.
Ц.Нацагдорж эл дууны хөгжмийг бичихдээ анхнаасаа оркестртой дуулж болох, симфони маягаар урлаж, өөрийн нутгийн салхины сийгэх чимээг тунгаан бясалгаж бүтээснээ хэлсэн тухай нь хожим найз нөхөд нь дурсан ярьдаг.
Тэрээр 1966 оноос Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид суралцаж, Ё.Цэрэндолгор багшийн удирдлага дор хөгжмийн суурь мэдлэгээ олж авсан бөгөөд 1970-аад оны эхээр Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааныг гүнзгий судалжээ. Энэ нь түүний хөгжмийн бүтээл туурвилд суурь болсон мэдлэг, арга барилыг олж авах чухал үе байлаа. Харин 1972 оноос тэрээр Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцаж, Н.Пузей багшийн удирдлага дор бүтээлч ур чадвараа гүнзгийрүүлэв. Энэ үеэс уламжлалт хөгжмийн өнгө аясыг орчин үеийн аялгуу, хэллэгтэй холбон туурвих чадварыг өөртөө суулгасан гэдэг.
Өдгөө 75 жилийн ой нь тохиож буй Ц.Нацагдорж 1951 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төржээ. Говийн уудам дэвсэгт тэнгэр таширлан нар жаргаж, түүний наахнуур сэрвийсэн бударгана, харганын чөлөөгөөр түмэн зүйлийн шувууд жиргэлдэх, тулах уулсгүй толгодын энгээр салхи чимээлнэ. Ингэж тэрээр бага наснаасаа байгалийн элдэв чимээг анирдаж, зарим сайхныг нь дотроо оршоож, хөгжимтэй нөхөрлөх замналаа эхлүүлсэн нь хожим Монголын хөгжмийн урлагт онцгой байр суурь эзэлсэн их хүний урт замын үүтгэл байв.
Түүний таван симфони болон “Хөдөөгийн сайхан” симфони чуулбар нь Монголын хөгжмийн урлагт симфони сэтгэлгээ ямар түвшинд хөгжиж болохыг харуулсан чухал бүтээлүүд. Үндэсний аялгууг шууд эш татах бус харин түүний дотоод хэмнэл, өнгө, сэтгэл зүйн чанарыг симфони хэлбэрт уусгасан нь онцлог. “Жишээлбэл, хоёрдугаар симфонид өрнөл маш нягт, сэдвүүд хоорондоо зөрчилдөх бус харин нэгнээ баяжуулан тэлж байдаг. Энэ нь барууны классик симфониос ялгаатай, дорнын сэтгэлгээтэй ойр шийдэл” хэмээн хөгжим судлаач Р.Ганбаатар онцлов.
Харин дөрөвдүгээр симфонид илүү гүн ухааны өнгө аяс давамгайлж, хүний дотоод тэмцэл, эргэлзээ, шийдэл зэрэг сэтгэл зүйн хөдөлгөөнийг хөгжмөөр илэрхийлсэн байдаг. Мөн “Хөдөөгийн сайхан” чуулбар бол түүний уран бүтээлийн нэгэн оргил. Төрийн соёрхол хүртсэн уг бүтээлд байгаль, хүн, дурсамж гурав салангид оршдоггүй. Харин нэгэн цул болж нэгддэг. Зөвхөн үзэгдэх бус тал нутагт буй амьд бүхний дуу чимээн, хөдөлгөөн сонстож, мэдрэгдэх нь хувь хүн мөнөөх тал дээр аж төрөх бус харин тал нутаг бидний дотор орших мэт орон зайг шинж чанарыг бүтээж өгдөг.
Төрсөн нутаг усаа санах, бусдын дуулсан дуунаас тэр л газарт зүүгдэх хүрэхдээ найрын хойморт нулимс нууцхан унагаж суугаа нэгний дотоод дахь чимээг Ц.Нацагдорж ингэж хөгжмийн хэлээр буулгасан юм. Уяран хайлах, уйлан санах гэгч угтаа мөн л сэтгэлд гэгээ тусгах чанартай. Нүүдэлчдийн доторх тийм чанарыг олж нээж чадсанаараа л түүний хөгжим илүүтэй зүрхэнд ойр.

Ц.Нацагдоржийн дууриудыг энгийн нэг тайзны бүтээл гэж хүлээн авах нь туйлын өрөөсгөл. Тэрээр “Үүлэн заяа”, “Өгөөдэй хаан”, “Гэсэр хаан”, “Гүн гэрийн гүнж” зэрэг дуурь туурвисан нь түүхийн сэдвийг хөгжмийн уран сайхны хэлээр дахин бүтээсэн, үйл явдлыг нь эгшиг аялгуугаар захирсан хэрэг байлаа.
Түүний дуурийн хамгийн онцгой чанар нь симфони сэтгэлгээ. Өөрөөр хэлбэл, найрал хөгжим нь дуулаачийг дагалдах бус харин үйл явдлыг өөрөө авч явдаг.
Дүрүүдийн сэтгэл зүй, зөрчил, шийдэл нь зөвхөн үгээр бус хөгжмийн урсгалаар илэрхийлэгддэг. Үзэгдлүүдийн хооронд оруулсан хөгжмийн хэсгүүд нь ч завсарлага шинжгүй. Учир нь үйл явдлын үргэлжлэл, өрнөл нь байдаг. Ийм шийдэл Монголын дуурийн урлагт шинэ салхи үүсгэсэн гэхэд болно. Тэр түүхэн сэдвийг хөгжмийн хэлээр амилуулсан. Тиймээс дууриудыг нь үзэхдээ үйл явдлын өрнөлд шимтэхээс гадна хөгжмөөр дамжуулан төсөөлөлдөө дүрүүдийг нь амилуулах замаар аялгууг дотроос нь мэдрэх боломжтой.
Дээр нэрлэсэн дууриуд зөвхөн дуулаачийн ур чадварт төвлөрсөн бүтээл биш. Тайзны жүжгийн үйл явдлыг хөгжмөөр тодотгож, дүр бүрийн зан чанар, сэтгэл хөдлөлийг амилуулсан бүтээлүүд байв. “Үүлэн заяа” дуурь нь 1988 онд Монголын тайзнаа анх гарч, монголчуудын түүх, ёс заншил, ардын амьдралын онцлогийг хөгжим, аялгууны тусламжтайгаар үзэгчдэд дамжуулсан бөгөөд энэ бүтээлд Монголын ардын аялгуу, уламжлалт дууны өнгө, симфони найрал хөгжмийн элементүүдийг нэгтгэсэн юм. Мөн дуурийн үйл явдлын тодорхой хэсгүүдийг чимэглэх, үзэгдлийн хоорондох завсар зайг хөгжмөөр холбох замаар үзэгчийн анхаарлыг тасралтгүй хадгалж, тайзны дүрүүдийг амьд мэт болгож чадсан нь түүний бүтээлийг бусдаас ялгаруулдаг.
“Өгөөдэй хаан” дуурь нь Монголын түүхэн хаадын амьдрал, бодролыг хөгжмийн хэлээр илэрхийлсэн бүтээл бөгөөд тайзны жүжигт дагалдах хөгжмийн үүрэг зөвхөн чимэг төдий бус үйл хөдлөл, туульс, дүрийн зан чанарыг тодотгон харуулж чадсан. Түүний дууриудын симфони найрал хөгжим нь тайзны жүжгийн салшгүй нэг хэсэг болсон нь Монголын дуурийн урлагт шинэ арга барил нэвтрүүлсэн явдал байв. Энэ бүтээлд Ц.Нацагдорж морин хуур, ардын хөгжим, орчин үеийн хөгжмийн хэллэгийг зэрэгцүүлэн ашиглаж, үзэгчдэд түүхэн ба дүрийн сэтгэлгээний нарийн ялгааг хөгжмөөр дамжуулан мэдрүүлсэн билээ.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Н.Туулайхүүгийн өгүүлснээр түүний концерт бүтээлүүдийг бусад зохиолоос нь тусгайлан авч үзэх шаардлагатай. Учир нь ардын уламжлалт хөгжмүүдэд зориулсан концертууд бичсэн нь манай хөгжмийн урлагт урьд хожид байгаагүй томоохон өв сан цогцлоосон хэрэг байв. Ятга, лимбэ, ёочин, хуучир, морин хуур, бүр эвэр бүрээ, цохивор хөгжимд хүртэл зориулан бүтээсэн тусдаа бие даасан концерт бүтээл бий.
Эдгээр бүтээлийн онцлог нь тухайн зэмсгийг зүгээр техник талаас нь ашиглаагүйд оршино. Харин зэмсэг бүрийн давтагдашгүй онцлог, хөг хэмнэлийг шинээр нээхэд зориулагдсан юм. Морин хуурын концертод туульсын шинж давамгайлж, ардын татлагын хэмнэл орчин үеийн “алеаторик” арга барилтай хосолдог. Харин лимбэний концертод агаарт уусах мэт зөөлөн, тасралтгүй урсгал ахиу агаад цаг хугацааны мэдрэмжийг бүдгэрүүлж байх шиг сэтгэгдэл төрүүлнэ. Ятганы концертод өнгөний тунгалаг байдал, дотоод гуниг хосолсон бол ёочингийн концертод хэмнэл, цохилт, динамик өөрчлөлт илүү хүчтэй илэрнэ. Энэ бүхнээс харахад тэр зэмсэг бүрийг өөрийн гэсэн дотоод ертөнцтэй амьд биет мэт ойлгож, хөгжмөөр “яриулж” чадсан суутан юм.
Түүний морин хуурт зориулсан дөрвөн концерт дээрх бүгдээс хамгийн шидээвэр нь гэхэд болно. Эдгээр концертод морин хуур хөгжмийн тоглолтыг шинэ түвшинд гаргасан гэж судлаачид дүгнэдэг. Нэгдүгээр концерт нь дээр өгүүлсний адил туульсын шинжтэй, үндэсний өнгө аяс тод. Харин дөрөвдүгээр концерт буюу морин хуур, хөөмэй, найрал хөгжимд зориулсан бүтээл нь хэлбэрийн хувьд ч, агуулгын хувьд ч тун өвөрмөц. Энд хүний дуу хоолой, зэмсгийн эгшиг хоёр нэгдсэнээр байгаль, хүн, хөгжим гурвыг нэгэн цул орон зайд авчирдаг.
Тиймдээ ч Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Ц.Нацагдорж биднээс юугаараа ялгагдаж байсан бэ гэвэл хөгжмийн хэлбэрийг төгс рүү дөхүүлсэн. Биднээс түрүүлж түүнд дөхсөн. Түүний хөгжмийн хэлбэр нь үнэхээр хөгжмийн зохиол ийм байдаг юм байна гэдгийг харуулсан. Тэр үүгээрээ ялгарч, биднийг ухаанаараа, боловсролоороо урагш чирч явсан” хэмээсэн нь дэгс магтаал биш ээ.
Үүнээс гадна Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романд зориулан бүтээсэн мюзиклыг нэрлэж болно. Тус бүтээлийн зохиолыг Төрийн шагналт зохиолч Д.Төрбат бичжээ. Энэхүү мюзиклд үндэсний дуу, ардын аялгуу, орчин үеийн хөгжмийн хэллэгүүд зэрэгцэн оршиж, үзэгчдийг Монголын байгалийн гоо үзэсгэлэн, хүний сэтгэлийн гүн рүү хөтөлдөг. Хүн гэгч уяран хайлахдаа улам их бодож, аливааг нэхэн дурсдаг болов уу. Түүнийг нь дэмнэж морин хуур эгшиглэнэ. Угтаа тэрхүү эгшиг мюзикл дахь дүрийн зан чанар, сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлж байгаа атал үзэгчдэд уяран суух сэтгэлийн гэгээг тусгана.

Хүн гэгч амьдралд мөр гаргаж явснаа уран бүтээлээрээ гэрчилж үлдээдэг. Бусдын дурсамжаас хэлтэлж сонссон минь эл эрхэм жинтэй үг хэлчихдэг жигтэйхэн даруу, дөлгөөн эрхэм байжээ. Тэрээр нар шингээсэн хар үсэнд нь намрын хяруу шиг сор суух хүний амьдралын заяа онож төрөөд таван дуурь, симфони, хоёр балет, хөгжмийн бүх зэмсэгт зориулсан концерт, цөөхүүл хөгжмийн бүтээлүүд, уран сайхны хорь гаруй кино, арав гаруй жүжиг, зуугаад дууны хөгжим бүтээсэн байна.
Эдгээр бүтээлийг сонсож, үзэж суухад цаг хугацаа, үйл явдал, дүрүүдийн хоорондын завсарлага мэдэгдэхгүй. Хөгжмийн урсгал өөрөө үйл явдлыг дүүргэж, дүрүүдийн бодол, сэтгэлийн хөдлөлүүдийг амилуулдаг. Энэ нь зөвхөн дуулаачийн ур чадвар бус хөгжмийн зохиолчийн оюун сэтгэл, дотоод мэдрэмжийн үр дүн. Ингэж тэр сонсогчдод зөвхөн сонсох бус мэдрэх, дотор нь орших боломж олгож, бүтээл бүр нь цаг хугацаанаас хамааралгүйгээр хүний сэтгэлийн гэгээ болон үлджээ.