
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "АҮЭБ-ын сайд Г.Дамдинням түлш, шатахууны асуудлаар Солонгос улс руу уулзалт хийхээр явсан. Бид тус улсаас онгоцны дизель түлшийг авахаар тохирсон. Мөн БНХАУ-аас 6000 тонн АИ 92, АИ95 төрлийн автобензин авах тохиролцоонд хүрсэн. Маргаашаас ачигдаж эхэлнэ. Энэ нь нөөц бүрдүүлэх ажлын нэг хэсэг.
Онгоцны түлшний хувьд БНХАУ-аас нийт 3 000 тонн нийлүүлэх бөгөөд эхний ээлжийн 1 000 тонн нь маргааш Монгол Улсад орж ирнэ.
Шатахуун түгээх станцуудын нөхцөл байдлын тухайд аймгийн төвүүдэд түгээлт хэвийн үргэлжилж байгаа бол зарим сумдад шатахуун тасалдаад байна. Нийслэлд "Петровис" ХХК-ийн нөөц багассан бол "Шунхлай", "Тэс Петролиум" ХХК нөөцдөө хязгаарлалт тогтоон шатахуун олгож байгаа. Нөөцийг нэмэгдүүлэх ажил маргаашаас эхлэх тул хомсдол буурна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 15 хоногийн хэрэглээг хангах 31 000 тонн, дизель түлшний 20 хоногийн хэрэглээг хангах 80 000 тонн нөөцтэй байна.
Уг нөөцийг маш богино хугацаанд нэмэгдүүлэхийн тулд ОХУ-аас 7-р сард авсан хэмжээнээсээ тодорхой хэмжээнд нэмэгдүүлж захиалгаа баталгаажуулсан. Бидний хувьд шатахууны нөөцийг 10 хоногийн дотор нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна" гэв.