
Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч буйтай холбоотой Гадаад харилцааны яам, Цагдаагийн Ерөнхий газар хамтран ГХЯ-нд мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг "Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд дулаан орон руу зорчих хэрэгцээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор залилагч этгээдүүд урьдчилгаа төлбөр авч залилж байгаа тохиолдол байна. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард зургаан иргэн Вьетнам улсын Фукуок арал дээр амрах зорилгоор "MGL phu quoc" гэх цахим хаягаар харилцаж, урьдчилгаа төлбөр болох 19 сая төгрөгийг шилжүүлэн залилуулсан. Иргэний гомдлын дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Аялалын компаниуд иргэдэд янз бүрийн үйлчилгээ санал болгож залилах тохиолдол ч их байна. Тиймээс маш сайн судалж мөнгөө шилжүүлэхийг анхааруулж байна.
Монгол Улсын иргэд санаатай болон болгоомжгүй байдлаар галт зэвсэг, сум хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-д иргэд нь галт зэвсэг ашиглахыг хориглодог бөгөөд хяналт, хариуцлага өндөртэй улс. Тиймээс иргэд аялахдаа галт зэвсэг авч явахаас сэргийлээрэй. Мөн бусдын дайвар ачааг авч явахгүй байхад анхаарах шаардлагатай байна" гэв.