
Энэтхэг улсын залуучуудын нөхцөл байдал нь “боломж ба хомсдол”, “амлалт ба төөрөгдөл”-ийн зөрчилтэй дүр зураг болж байна.
Британийн эдийн засагч Жоан Робинсон “Энэтхэгийн тухай үнэн зөв хэлж болох ямар ч зүйлд эсрэг нь бас үнэн байдаг” гэж хэлсэн нь энэ байдлыг тодорхой илэрхийлдэг.
Азим Премжи Их сургуулийн “Энэтхэгийн хөдөлмөрийн байдал” тайланд дурдсанаар 15–29 насны 367 сая залуу байгаа нь дэлхийн хамгийн “том” залуу хүн ам юм. Гэвч тэднээс 263 сая нь боловсролын системээс гадуур байгаа бөгөөд ирээдүйн ажиллах хүчийг бүрдүүлж байгаа аж.
Сүүлийн 40 жилд Энэтхэг залуусын боловсрол эрс сайжирсан, ахлах сургууль болон их сургуулийн элсэлт нэмэгдсэн, хүйсийн ялгаа багассан, ядуучуудын дундаас их дээд боловсрол эзэмших хувь 8-аас 17 хувь болж өссөн байна. Гэсэн ч ажил эрхлэлтийн асуудал хүнд хэвээр байна.

15–25 насны төгсөгчдийн бараг 40 хувь, 25–29 насныхны 20 хувь нь ажилгүй байгаа нь бага боловсролтой хүмүүсийнхээс ч өндөр үзүүлэлт юм.
Судалгааны ахлах зохиогч, эдийн засагч Роса Абрахам “Залуус эхэндээ илүү сайн ажлын хүлээлттэй байдаг тул ажилгүйдлээ бүртгүүлдэг, харин нас ахих тусам боломжтой ажлаа хийж эхэлдэг” гэж тайлбарлажээ.
1969 онд эдийн засагч Марк Блауг энэ асуудлыг судалж байсан бөгөөд 1983–2023 оны хооронд төгсөгчдийн ажилгүйдэл 35–40 орчим хувь нь хэвээр байжээ.
Энэтхэг жил бүр 5 сая орчим төгсөгч бэлтгэдэг ч 2004 оноос хойш жилд дунджаар 2.8 сая нь л ажилд орж байна. Ковидын дараах хоёр жилд 83 сая ажлын байр нэмэгдсэн ч ихэнх нь хөдөө аж ахуйн салбарт байсан нь бүтээмж багатай, далд ажилгүйдэлтэй холбоотой юм.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт өссөн ч ихэнх нь гэр бүлийн бизнес, өөрийн хөдөлмөрт тулгуурласан ажлууд байгаа нь “шаардлагаас үүдэлтэй оролцоо” гэдгийг илтгэнэ.

Боловсролын байгууллагын тоо 1991 онд 1600 байсан бол одоо 70 000-д хүрсэн ч чанарын ялгаа их, багшийн хомсдол, бүс нутгийн тэгш бус байдал ажиглагдаж байна.
2017 оноос хойш эрэгтэй оюутнуудын дээд боловсролын хамрагдалт буурч, олонх нь гэр бүлээ тэжээхийн тулд ажиллах шаардлагатай болжээ. Ажил хайсан залуус Бихар, Уттар Прадеш зэрэг ядуу мужуудаас Тамил Наду, Карнатаказэрэг илүү хөгжсөн бүс рүү шилжин ажил хайж байна.
Эдийн засагчдын үзэж буйгаар Энэтхэгийн эдийн засаг үйлдвэрлэлд бус, үйлчилгээ (IT гэх мэт)-д тулгуурласан нь ажил эрхлэлтийн бүтэц алдагдахад нөлөөлжээ. Тус улсын хүн амын дундаж нас 28, хүн амын 70 хувь нь хөдөлмөрийн насных боловч 2030 оноос энэ давуу тал буурч эхлэх төлөвтэй байна.