
Германы сонгодог зохиолч, үгийн урлагт эрх мэдлийн өмнө сөхөрсөн дүрүүдийг гарамгай илчлэн харуулсан Генрих Манн энэ өдөр төржээ.
Хүн эрх мэдэлд дуртай. Гэхдээ үүнийг барьж авсныхаа дараа бус харин түүнд ойртож эхлэх тэр мөчөөс л өөрчлөгдөж эхэлдэг. Өөрийгөө зөвтгөж, бусдыг доош нь хийж, эцэст нь ямар хүн байснаа ч мартдаг. Энэ өөрчлөлтийг хамгийн хурцаар, хамгийн ил шулуун бичиж чадсан зохиолчдын нэг бол Генрих Манн.
Гэвч Генрих Манн хэзээ ч бусдыг буруутгах гэж бичээгүй. Харин хүн яагаад буруу зам руу ордог болохыг л харуулсан. Түүний бүтээлүүдэд баатар гэж үгүй. Харин эрх мэдэлд бөхийсөн, эсвэл түүнийг хүссэн хүмүүсийн дотоод уналт л бий. Түүний ертөнцөд хамгийн аймшигтай нь муу хүн бус харин өөрийгөө зөв гэж итгэсэн хүн байдаг. Тиймээс л түүний зохиолууд өнгөрсөн зууны тухай биш өнөөдрийн нийгмийн талаар өгүүлсэн хэвээрээ байгаа билээ.
THE LOYAL SUBJECT (1914)
Түүний хамгийн хүчтэй, хамгийн хурц роман. Энд гарч буй Дидерих Хесслинг бол аймхай, долигнуур нэгэн боловч эрх мэдэлд туйлын үнэнч хүн. Харин тэр өөрөө энэ талаар бодох дургүй. Харин дээдсийн өмнө бөхийж, доодсыг дээрэлхэж аж төрнө. Ингэж явахдаа өөрийгөө эх оронч, зөв хүн гэж итгэнэ.
Энэ бол ганц хүний тухай биш. Бүхэл бүтэн нийгмийн, эрх мэдэлд сөхөрсөн хүмүүсийн тухай хөрөг аж.
PROFESSOR UNRAT (1905)
Хүн өөрийнхөө дүр төрхийг хэрхэн нураадаг вэ гэдгийг тус зохиолд харуулдаг. Сахилга бат, ёс суртахууныг эрхэмлэдэг багш нэгэн эмэгтэйн нөлөөнд орж, өөрийнхөө босгосон бүхнийг сүйтгэнэ. Гэвч энэ нь зөвхөн аж төрөхүйн уналт бус агаад аажмаар өөрийгөө алдаж эхлэх мөч байв.
Яг л тийм мөчөөс эхлэн хүн өөрийнхөө алдааг зөвтгөдөг. Харамсалтай нь хамгийн бусармаг аргаар үйлдэгдсэн алдааг зөвтгөх боломжгүй юм.
SMALL TOWN TYRANT (1909)
Уг романд улс төрийн талаар өгүүлнэ. Гэхдээ хил дамнасан томоохон улс төрийн харилцааны талаар бус нэгэн жижиг хотын хүрээнд үйл явдал өрнөдөг. Тиймээс судлаачид жижиг орчин дахь эрх мэдлийн дүр зураг гэж тодорхойлох нь бий.
Хэн нэгэн багахан эрх мэдэлтэй болмогцоо түүнийг хэрхэн ашиглаж, бусдыг захирч эхэлдгийг харуулна. Тэгээд ч эрх мэдэл том байх албагүй, жижиг байх тусмаа л хүнийг хэрхэн эвдэж болдгийг Генрих Манн илчлэн харуулжээ.
THE HEAD (1925)
Генрих Манны зохиолуудыг уншихад нэг зүйл тод анзаарагдана. Тэр хэзээ ч үг, өгүүлбэрээрээ “энэ хүний буруу” гэж хэлдэггүй. Харин дүрүүдээ амьдруулж, өөрсдийг нь өөрсдийнх нь үйлдлээр илчилдэг. Уг бүтээлд ч мөн хүн өөрийн байр суурийг хамгаалахын төлөө хэрхдэг болохыг үзүүлнэ.
Гол дүр нь өөрийн албан тушаал, нэр хүндээ хадгалах гэж бүхнийг зөвтгөнө. Тиймдээ ч үнэн худлыг ялгах бус өөрт ашигтайг нь сонгож амьдарна.
MOTHER MARIE (1906)
Эмэгтэй хүний хувь заяа, нийгмийн дарамтын тухай өгүүлэх роман. Генрих Манн зөвхөн эрх мэдлийг бус нийгмийн ёс суртахууныг ч шүүмжилдэг. Уг зохиолд эмэгтэй хүнийг хэрхэн дүгнэж, шахаж, буруутгаж ирснийг харуулна.
Тус романаас үзэхэд нийгэм заримдаа хамгийн том шүүгч байдаг.