
Эдийн засгийн тухай яриа ихэвчлэн Төрийн ордны танхимд эхэлдэг. Тоо, хувь, өсөлт, бууралт. Тэгээд ч эрх баригчид тоо хэлж, тоо зааж ярих дуртай. Гэвч энэ бүхэн иргэдийн амьдрал дээр бууж ирэхдээ огт өөр дүрд хувирна. Тэр нь “үнийн өсөлт”, “дансны үлдэгдэл” гэх хоёр үгэнд хамаатай. Үүнээс үүдээд бид цахим руу шагайх тоолондоо аливаа хэрүүл тэмцэл, шүүмжлэл маргаан руу өөрийн гэсэн үзэлгүй шумбан орж байх зуур ард нь “өр, зээл” хэмээх үгс сүүдэр шиг дагалдана.
Үнэхээр бид өрөөс өрийн хооронд амьдарч байна гэлцэх нь сүүлийн хэдэн арванд амны уншлага болсон. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийг нөхцөл байдлыг тандаад үзвэл өр, зээлгүй иргэн гэж угаас үгүй бололтой. Гэвч хэн нэгний амьдралыг шүүж, аливаа бодлого шийдвэр, хурдны зам, нефтийн үйлдвэр зэргээр “их мэдэгчээ” гайхуулан суух зуур зайлшгүй анхаарал хандуулах ёстой өөр нэг асуудлыг нийтээр тунгаахгүй байх шиг. Энэ бол Монгол Улсын нийт гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрсэн явдал. 2000 онд 4 тэрбум орчим ам.доллар байсан арван зургаан жилийн өмнө ч гэлээ тусгаар улсын хувьд бол асар хурдтай өсөлт гэдгийг эдийн засгийн онол гадарлах болсон захын сурагч хэлээд өгнө. Тэгээд ч өрийн асуудал нь дарга нарын мэдлэгээ гайхуулан урсгаж суудаг тоон үзүүлэлт бус бөгөөд тухайн улсын эдийн засгийн бүтэц, бодлогын үр дагаврыг илтгэх чухал индикатор билээ.
Гадаад өрийн бүтэц ч анхаарал татаж байна. Учир нь нийт өрийн 45% орчим нь гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой компанийн зээл, харин 21% нь Засгийн газрын өр байгаа нь төрийн тавьсан өрөөс гадна хувийн хэвшлийн хамаарал үүнд илүүтэй оролцоотой болохыг илтгэж байна. Статистикийн хорооноос гаргасан уг үнэлгээ үнэхээр баттай бол шүү дээ.
Мөн гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь өнгөрсөн онд гэхэд 156.5% хүрсэн нь Монголын эдийн засгийн эмзэг байдлыг бүрэн тодорхойлох зураглал мөн. Чухам үүнийг дурдсан учир нь бидний эдийн засгийн нөхцөл байдал нь бид баялгаасаа үлэмж хэмжээний гадаад өрийн дарамтад орж, түүний өмнө хэдийн сөхөрчихсөн гэсэн үг. Олон улсын валютын сан Засгийн газрын шууд өрийн хэмжээ харьцангуй буурсан үзүүлэлттэй гэж тэмдэглэсэн нь ч чихэн чимэгтэй мэдээ биш л дээ. Гол нь өрийн удирдлагын бодлого тодорхой хэмжээгээр буурсан байж болох ч улсад ирэх нийт өрийн дарамт хэвээрээ л байгаа. Тиймээс эрх баригчдын сайрхан хийх мэдэгдэл сайхан сэтгэгдэл төрүүлэх нь юу л бол.
Монголчууд эртнээс “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” хэмээн хэлэлцсээр ирсэн. Хүүтэйгээ нийлээд 3.9 их наяд төгрөг төлөхөөр болчихсон улс маань үнэхээр өөдлөхөө ч байлаа. Эрх баригчид маань харин өвөр түрийдээ орж, сайдын суудал булаалдаж, сүүлийн арван жилийн хугацаанд тав дахь Засгийн газраа байгуулан хөнжил дотроо жийлцэх зуур улс орон улам л уруудан доройтсоор байна. Чухамдаа чуулганы танхимд томилгооноос илүүтэй өрийн тухай дискурс л халуунаар өрнөх ёстой биз дээ.
Хэсэг бүлэг хүүхэд тоглож байгаад хариуцлага үүрэхээс татгалзахдаа нэгэндээ цаасан малгай өмсгөөд удирдагчаа болгодог шиг урт хугацааны бодлого, улс төрийн тогтвортой байдлын талаар ямар ч ойлголтгүйгээр засгаа унагааж байх зуур ард түмэн харин мах, түлш, бензин зэргийг даган хөөрөгдсөн бусад эд барааны үнийн өсөлтөд дарлуулж гүйцсэн ч улам л бүсээ чангалах хэрэгтэй болов. Дээр нь улсаараа төлж дийлэх үгүй нь мэдэгдэхгүй өртэй. Одоо бүр эрх баригч намын хагарал гүнзгийрснээр тэд энэ тухай бодох сөхөө алга. Уралцах зуураа төсөвлөсөн өртгөөсөө давсан томоохон төслүүддээ дахин гадаад орноос зээл авсаар сууж байгаа шүү дээ.
Уг нь бол дарамт байгаа газарт боломж ч зэрэгцэн оршдог. Дорвитой бодлого, шийдвэрийн талаар ярилцаж, томоохон төслүүдээ урагшлуулж байж эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг олно. Гэхдээ аль төслийг түрүүнд гүйцэтгэх нь чухал. Иргэд ч яахав, аливаа үндэстнийг өөр өөрийн толгойтой хүмүүс бүрдүүлдэг болохын адил хоёр талд гарчихаад шүүж байгаа. Гол нь эрх баригч нам маань ийм түвшинд ирж, гадаад өрийн тухай асуудлаа ярихаас илүүтэй сандал суудал горилсон хүмүүсээр дүүрсэн нь л харамсалтай. Нэг ёсондоо чуулганы танхимд өрнөх учиртай улс төр дэх эдийн засгийн дискурс нь албан тушаалын төлөөх л тэмцэл болж хувираад байна.
Мэдээж хүмүүс аж төрж, нар ахиад манддаг хэмээхийн үлгэрээр маргааштайгаа золгоно. Гэхдээ тэд бүгд маргааш илүү дээр болох уу? хэмээн дор бүрнээ асууж байгаа. Гагцхүү эл асуултад хариулах эрх мэдэлтэн л алга.
*дискурс – аливаа нэг сэдвийг тойрсон яриа, хэлэлцүүлэг гэх утгатай үг