
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг дэлхий нийтээр Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг сонсох, аюулгүй орчинд өсөж, хөгжих боломжийг бүрдүүлэхийн чухлыг олон нийтэд сануулдаг. Гэвч хүүхдийн эрхийг хамгаалах тухай яриа, уриалгаас илүүтэй бодит амьдрал дээр тэдний эрх хэрхэн хангагдаж байгаа нь чухал юм.
Энэ жилийн Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр, миний эрх, миний ирээдүй” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улсад уг өдрийг тохиолдуулан хүүхдийн эрх, оролцоо, хамгааллын асуудлыг хөндсөн арга хэмжээг өнөөдөр Хүүхдийн ордонд зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр хүүхдүүд өөрсдийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, тулгамдаж буй асуудлаа илэрхийлж, төрийн байгууллагын төлөөлөл хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, ажлаа танилцуулсан юм.
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО ЧУХАЛ
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө ЗА бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг бодит ажил болгох, эрсдэл, зөрчлийг үл тоомсорлохгүй байх, иргэн бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Балжиннямын мэдээлснээр, энэхүү хөдөлгөөний хүрээнд анх удаа 12 аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга нараар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөлийг хуралдуулжээ. Мөн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн индексийг боловсруулж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, гэр бүлийн харилцааны үзүүлэлтээр аймаг, орон нутгийн нөхцөл байдлыг харьцуулан харах боломж бүрдүүлсэн байна. Түүнчлэн Авлигатай тэмцэх газартай хамтран “Хүүхдийн нүдээр шударга байдал” судалгааг хийжээ.
Энэ талаар тэрээр “ Бид АТГ-тай хамтран ‘Хүүхдийн нүдээр шударга байдал гэж юу вэ’ судалгааг амжилттай хийж, хүүхдүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд анхаарч ажиллаж байна. Энэхүү судалгаагаар олон хүүхэд эрх нь хаана зөрчигдөж байгаа болон шударга байдлыг хэрхэн харж буйгаа бидэнд нээлттэй илэрхийлсэн. Томчууд бид хүүхдүүдийнхээ өмнөөс ярих бус, харин тэдний үгийг бодитоор сонсож ажиллах нь хамгийн чухал байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор улсын хэмжээнд судалгаа хийхэд хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй 1066 ухсан нүх, аюултай цэг байгааг илрүүлсэн. Үүний дагуу холбогдох бүх шатны Засаг дарга нарт эдгээр эрсдэлийг арилгах шаардлага хүргүүлсэн. Одоогоор 400 орчим цэгийг засаж, янзалсан гэх мэдээлэл ирүүлсэн. Гэхдээ бид зөвхөн тоон мэдээлэлд үндэслэхгүйгээр тухайн ажлыг хэрхэн, ямар төсвөөр гүйцэтгэсэн талаарх зураг, тайланг шаардаж байгаа. Одоогоор ажлын хэрэгжилт 30 гаруй хувьтай байна” гэлээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн “Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн 85 хувь нь гэр бүлийн орчинд гарч байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 71 хувьтай байсан бол энэ жил өссөн. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хандлага өөрчлөх ажлыг зөвхөн төрийн байгууллагуудад бус, гэр бүлийн орчинд ч чиглүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд эцэг эхчүүдэд хүлээлгэх хариуцлагыг хуулийн хүрээнд чангатгах нь хүүхдийн эрхийг сайжруулахад чухал үр дүнтэй ажил гэж харж байна. Мөн энэ чиглэлд холбоотой төсөв хөрөнгийг ч үе шаттай нэмэгдүүлж байгаа. Тухайлбал, хүүхэд, хөгжил, хамгааллын төсвийг өмнөх оноос таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 25 тэрбум төгрөгөөр баталсан. Уг төсвөөр эцэг эх, байгууллага, олон нийтийн хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.

ХҮҮХДҮҮД ЗӨВХӨН ХАМГААЛУУЛАХААС ГАДНА ХӨГЖИХ ЭРХТЭЙ
Хүүхдийн эрхийн асуудал зөвхөн хүчирхийлэл, эрсдэлээс хамгаалах хүрээнд хязгаарлагдахгүй. Хүүхэд бүр хүссэн чиглэлээрээ суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, өөрийгөө нээн илрүүлэх боломжтой байх ёстой. Энэ талаар Ерөнхий сайдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын асуудал хариуцсан зөвлөх Г.Номин боловсрол, эрүүл мэндийн чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Тэрээр “Өнгөрсөн оны тоон мэдээгээр Монгол Улс хүүхдийн эрхийн индексээр 194 орноос 88 дугаар байрт жагссан. Энэ бол хангалттай үзүүлэлт биш. Гэсэн хэдий ч шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг таван удаа хуралдуулж, маш олон шийдлийг гарган ажиллаж байна. Монгол Улс хүүхдийн эрхийн төлөө богино хугацаанд ямар ажлуудыг хийж байгаа талаар товч танилцуулбал, нэгдүгээрт, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр урагт байхаас нь эхлээд цэцэрлэг, сургуулийн насанд нь эрт илрүүлгийн үзлэгийг шат дараатай, амжилттай зохион байгуулж ажиллаж байна. Хоёрдугаарт, хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсролыг тэгш хүртэх ёстой гэдэг зарчмаар олон ажил хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, бид 10 мянга гаруй хүүхдээс санал асуулга авахад тэд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад уламжилсан. Энэ саналын хүрээнд бид Төрийн ордны баруун талын ногоон байрыг ‘Хүүхдийн ордон-2’ болгон засварлаж, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хүүхдүүдэд мэдээлэл, боломж олгодог төв болгохоор ажиллаж байна. Энэхүү байранд шинжлэх ухаан, технологийн 16 хөтөлбөрөөр жилд 3000 хүүхдийг сургах боломжоор хангана. Мөн орон нутаг, захын хорооллын хүүхдүүдэд цахимаар хичээл орж, компьютер, робот, хиймэл оюун ухааны чиглэлээр сургалт авах боломжийг бүрдүүлнэ” гэв.
Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Алдардэлгэр
Өнөөдөр өөрсдийнхөө эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхээр олон зуун хүүхэд энд цугларсан байна. Бидэнд зөвхөн хамгаалуулахаас гадна өөрсдийгөө нээж, хөгжүүлэх тэгш боломж, ээлтэй орчин чухал байгааг хүргэхээр бид энд ажиллаж байна. Хэрэв хүүхэд бүр хүссэн үедээ урлаг, спортын дугуйланд хамрагдаж, дуртай хөгжмөөрөө хичээллэж, авьяас чадвараа хөгжүүлэх боломжоор хангагдвал монгол хүүхдүүдийн дундаас ирээдүйд дэлхийд гайхагдах мундаг дуучин, бүжигчин, цаашлаад шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналтан ч төрөн гарах бүрэн боломжтой.Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалахын сацуу хөгжих эрхийг минь бүрэн хангаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг тэгш олгооч ээ гэх бидний чин хүсэлт, шаардлагыг төрийн индэрт суугаа шийдвэр гаргагчдад хүргэхээр ажиллаж байна
Эцэст нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай яриа зөвхөн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, аюултай орчныг арилгах асуудлаар хязгаарлагдахгүй. Хүүхэд бүр өөрийн хүсэл сонирхлоор суралцаж, авьяас чадвараа хөгжүүлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх нь ч мөн адил тэдний эрхийн нэг хэсэг юм.
Энэ жилийн Дэлхийн хүүхдийн өдрөөр төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, хүүхдүүд өөрсдийн хүсэлт, шаардлагыг шийдвэр гаргагчдад хүргэлээ.