Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас танилцуулж байна.
Г.Занданшатарын Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нараа УИХ-д танилцуулж, тангараг өгүүллээ. Улмаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилов.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилохдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзжээ.
Ерөнхий сайдын бүрэн эрх, Засгийн газрын дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлыг давхар хариуцуулан гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна.
Ийнхүү сайд нар томилогдсоноор Г.Занданшатарын Засгийн газар өнөөдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраа дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал
Шадар сайд С.Амарсайхан
Шадар сайд Т.Доржханд
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Сангийн сайд Б.Жавхлан
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
Хүнс, хөдөө аж, ахуйн сайд Ж.Энхбаяр
Хот байгуулалт, барилга, оронсууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
Батлан хамгаалахын сайд Д.Батлут
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар
Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ч.Ундрам
Боловсролын сайд П.Наранбаяр
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
Б.Ганхайч дэлхийн медальтан болов
Унгар улсын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртэж дэлхийн медальтан болов.
Б.Ганхайч БНСУ, Австрийн бөхчүүдийг дараалан ялсан ч Японы Харүка Кажүд ялагдсан. Гэвч манай бөхөд дагах барилдаан гарсан. Б.Ганхайч Унгарын Ш.Герча болон олимп, дэлхийн аварга Бразилын алдарт бөх Рафэла Силваг дараалан ялж, ДАШТ-ийн хүрэл медалийг хүртлээ.
Азийн аварга Б.Ганхайч 30 насандаа найм дахь удаагаа ДАШТ-д оролцож анхны медалиа авлаа. Тэрээр “Токио 2020” зуны олимпын наадамд барилдсан. Б.Ганхайч 2025 онд Тажикистанд болсон “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн билээ.
“ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын шалтгаан, хохирлын хэмжээг ирэх долоо хоногт тогтооно
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яаманд ажиллалаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "“ДЦС-3” ТӨХК-д ослын хохирлын хэмжээг шууд тодорхойлоход арай эрт байна. Дахиад долоо хоног хэрэгтэй байна. Өчигдөр ЦЕГ, ТЕГ-аас ослын газарт нэвтэрч, дүгнэлт гаргах бололцоо авсан. Одоо холбогдох камеруудыг суулгаж байна. 24 цагийн туршид, камерын дор гэмтсэн турбиныг задална. Ослын шалтгааныг тодруулах ажил хийгдэнэ. Энэ ажлыг хууль, хяналтын байгууллагатай цуг хийнэ. Хүсэлтээ өгсөн. Бид ирэх долоо хоногтоо багтаагаад ослын шалтгааныг тодорхой болгож, цаашид сэргэн босгох төлөвлөгөөг эцэслэнэ.
Урьдчилсан байдлаар дүгнээд хэлэхэд байшингийн гэмтэлд долоо тэрбум орчим төгрөг, дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг горимоос зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлэхэд 8.5 тэрбум төгрөг шаардлагатай. Гэмтсэн есдүгээр турбины суурь гайгүй гэсэн дүгнэлт гарах юм бол суурин дээр нь шинэ турбин үйлдвэрлэнэ. Эрчим хүчний салбарт тоноглол үйлдвэрлэдэг 13 компаниас үнийн санал авахаар хандчихсан байгаа. Ойрын өдрүүдэд үнийн санал ирчихнэ. Засгийн газарт танилцуулна” гэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрчим хүчний сайдын үүрэг даалгавраар ажлын хэсэг гаргах байх. Техник, тоног төхөөрөмжийн юм уу, хувь хүний хариуцлагатай холбоотой асуудлууд шалгагдаж байна. Энэ нөхцөл байдал нь эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт шалгалт, хөндлөнгийн хяналт шалгалтыг нэг талаараа хийдүүлж, нөгөө талаараа давхардуулж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулах болсон байна гэж дүгнэж байна.
Сэргээгдэх эрчим хүч, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гээд ер нь л эрчим хүчний салбарт ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй, аль эсвэл албан тушаалын зөрөлдөөнөөс үүдэлтэй зөрчилдөөн сүүлийн 20-иод жил явж ирсний улмаас V цахилгаан станц барих асуудал одоо хүртэл тасалдсан.
Миний мэдэхээр Тавантолгойн цахилгаан станц барина гээд шийдэж байсан. 1987 онд таван жилийн төлөвлөгөө хэлэлцэж байх үед Багануурын цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар гаргаж байсан юм билээ. Засаг төрийн шилжилт болоод энэ асуудал хаягдсан. Тэр үед л төлөвлөгдөж байсан. Тэр төлөвлөлтийг Тавантолгойн цахилгаан станц зөрчсөн. Барих газраа хүртэл шийдчихсэн байхад Багануурын цахилгаан станц барина гээд л өөрчилсөн. Түүний дараа Багануурын цахилгаан станц бас болохгүй байна гээд хүчингүй болгосон. Одоо болохоор цахилгаан станцын тендер зарлагдаад л явдаггүй. Энэ бол эрчим хүчний салбарт олон жил бугшсан зөрчил. Том утгаар нь авч үзвэл Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд эрчим хүчний эрсдэл бий болгож байна.
Үе, үеийн сайдууд энэ асуудалд анхаарсаар ирсэн. Нэн ялангуяа энэ том зургийг одоогийн сайд харж, шийдэл гарцыг харж байгаа учир улираан томилсон. Нэгдсэн удирдлагатай байх зарчим нь өнөөгийн дотор байгаа бүх зургийг олж хараад прагматик байх учир удирдлагын зөрчим ёсоор зөв зохион байгуулалтад оруулах санаачилга дэвшүүлсэн учир салбарын сайдыг үргэлжлүүлж ажиллах шийдвэр гарсан. Сайдаа дэмжиж нэг толгойтой ажиллах хэрэгтэй" гэв.
Улаанбурхан өвчний улмаас нас барсан хүний тоо долоо болов
Зургаадугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8648, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 691, гэрээр 1154, эдгэрсэн 6796, хавьтал 63052, нас баралт долоо бүртгэгдээд байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахыг уриаллаа.