
Орчин үед хүний тархи хором тутамд шинэ мэдээллээр бөмбөгдүүлж, тасралтгүй өдөөлтөд дасжээ. Үүний үр дүнд анхаарал тогтворгүй болж, түгшүүр нэмэгдэн, архаг ядаргаанд орж, бүтээмжийн уналт руу биднийг хөтөлж буй.
Тэгвэл уг хэт хурдтай нийгмээс залхаж эхэлсэн Gen Z үеийнхэн дижитал орчноос түр ч болов ангижрахаар утас, зүүтэй нөхөрлөх болжээ. Нэгэн цагт зөвхөн “эмээ нарын хобби” гэгддэг байсан нэхмэлийн соёл өнөөдөр залуусын дунд “Grannycore” нэрээр хүчээ авч, шинэ тренд болон өргөжиж байна.
Нэхмэл, сүлжмэл урлалын соёл 2020 оны цар тахлын үеэр дэлхий даяар эргэн сэргэж эхэлжээ. Хөл хорионы үед хүмүүс удаан, гар ажиллагаатай хоббиг эрж хайж, сэтгэл зүйн тайвшрал авах арга болгон нэхмэлийг сэргээсэн нь энэхүү тренд дэлхий даяар хүчтэй тархах эхлэл болсон байна. Харин 2022-2024 оноос цахим платформууд дээр гар урлал, “slow living” буюу амьдралын удаан хэмнэл эрчимтэй түгж, нэхмэл эдлэл загварын тайз, инфлюенсерүүдийн контентод хүчтэй орж ирснээр залуусын сонирхол улам бүр нэмэгджээ.
Нэхэх үйл явц нь хоёр гарыг зэрэг, хэмнэлтэй ажиллуулдаг бөгөөд энэ нь бухимдлын даавар болох кортизолыг бууруулж, аз жаргалын даавар болох серотонин, допаминыг ихэсгэдэг. Энэ нь биднийг сэтгэл хөдлөлөө хянах, тайвшрахад тусалдаг байна. Ийм ч учраас утас нэхэхийг “орчин үеийн бясалгал” буюу дижитал хордлогоос ангижрах хамгийн үр дүнтэй арга гэж тодорхойлох болжээ.
“British Journal of Occupational Therapy”-аас гаргасан судалгаагаар нэхэх хоббитой хүмүүсийн 81 хувь нь тухайн үйлдлийг хийх явцдаа болон дараа нь сэтгэл зүйн тун өндөр тайвшрал мэдэрдэг болохыг тогтоосон байна. Энэ нь анхаарлыг зөвхөн нэг цэгт төвлөрүүлдэг тул тархийг “амраах” боломжийг олгодог аж.
Үүнээс гадна нэхэх үйл явц нь тархийг амраахын зэрэгцээ нэгэн төрлийн “оюуны фитнес” болдог. Бид утас нэхэж байхдаа ганцхан гогцоо алдахад л бүхэл бүтэн хээ задрах эрсдэлтэй тулгардаг тул хийж байгаа зүйлдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэхийг шаарддаг. Энэ нь тархины гүйцэтгэх функцийг идэвхжүүлж, төлөвлөх, асуудал шийдвэрлэх чадварыг зэрэг хөгжүүлдэг байна.
Угтаа ухаалаг утас бидний анхаарлыг секунд тутамд сарниулдаг бол зүү, утас нь эсрэгээрээ бидний тархийг нэг зүйлд тогтвортой төвлөрүүлж, логиктой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлдэг аж.
Тэгвэл сэтгэл зүйн асар их тэсвэр хатуужил, анхаарал төвлөрөл шаарддаг спортын тамирчид ч сүүлийн жилүүдэд энэхүү хоббиг сонирхох болжээ. Тэд нэхмэлийг зөвхөн чөлөөт цагаа өнгөрөөх бус тэмцээний өмнөх асар их дарамт дунд сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах, өөрийгөө тайвшруулах нэгэн төрлийн хэрэгсэл болгон ашигладаг байна.
Үүний тод жишээ бол Их Британийн алдарт шумбагч, олимпын алтан медальт Том Дейли юм. Тэрээр 2020 оны Токиогийн олимпын тэмцээний завсарлагааны үеэр суудал дээрээ малгай нэхэж буй дүрс нь камерын дуранд өртөж, дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Том Дейли нэхмэлийг зөвхөн чөлөөт цагаа өнгөрөөх хобби бус харин олимпын асар их дарамт, сэтгэл зүйн ачааллыг даван туулах “нууц зэвсэг” хэмээн тодорхойлдог байна.
Мөн түүнчлэн Том Дейли өөрийн нэхсэн онцгой бүтээлүүдийг дуудлага худалдаагаар зарж, орлогыг нь тархины хавдартай тэмцэж буй хүүхдүүдэд хандивлах зэргээр нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудыг тогтмол зохион байгуулдаг аж. Түүнээс гадна яг одоо Италийн Милан хотноо зохион байгуулагдаж буй “Милано-Кортина 2026” өвлийн олимпын үеэр Канадын биатлонч Адам Ранналс (Adam Runnalls) олимпын тосгоноос явахаасаа өмнө нэгэн саарал цамцыг өөрийн гараар нэхэж дуусгах амлалт өгч, үйл явцаа цахим хуудсаараа дамжуулан хуваалцаж буй.
Түүний бичлэгүүд цахим орчинд асар их хандалт авч байгаа бөгөөд нэхмэл нь түүнд олимпын дарамт, өндөр хүлээлтийг түрхэн зуур орхин тайвшрах, оюун санаа болон бие махбодоо амраах хэрэгсэл болдог аж. Биатлоны спорт нь асар өндөр төвлөрөл, тайван байдал шаарддаг тул нэхмэлийн зүү, утас нь түүнд оюун санаагаа цэгцэлж, зүрхний цохилтоо хянахад нь тусалдаг байна.
Ийнхүү спортын ертөнцөд нэхмэл нь зүгээр нэг хөгжилтэй хобби бус, харин анхаарлыг тогтворжуулах, тамирчны сэтгэл зүйг тайвшруулах энгийн боловч үр дүнтэй арга болжээ.

Нэхмэлийн тренд хүчээ авч буй өөр нэг гол шалтгаан нь залуусын “Fast Fashion” буюу түргэн хувцасны соёлоос татгалзах хандлага юм. Түргэн хувцас нь өнгөц харахад загварлаг, биед эвтэйхэн мэт боловч ихэвчлэн хямд өртөгтэй, чанар муутай материалаар хийгддэг. Тийм ч учраас эдэлгээ муутай, байгальд шингэхэд хэдэн зуун жил шаардагддаг байна. Тэгвэл энэ бүхний эсрэг “Slow Fashion” буюу удаан загварын чиг хандлага хүчээ авч эхэлжээ. Учир нь түргэн хувцас нь байгаль дэлхийд шингэхдээ 200 жил хүртэл хугацаа зарцуулдаг нийлэг материалаас бүрддэг бол гар нэхмэл эдлэл нь ихэвчлэн байгалийн гаралтай, удаан эдэлгээтэй байдаг аж.
Vogue сэтгүүлийн мэдээлснээр нэхмэлийг “Үе дамжин өвлөгдөх нандин хөрөнгө оруулалт” хэмээн тодорхойлсон байдаг. Учир нь нэхмэл бүтээгдэхүүн ердөө нэг улирлын тренд болоод хоцрох бус загварын ямар ч элементэд уусдаг уян хатан чанартай гэдгээрээ хэзээ ч моодноос гардаггүй. Тэр ч байтугай гар нэхмэл нь хэрэглэгч болон эд зүйл хоорондын дурсамжийг хэлхсэн “амьд” холбоос болж үлддэгээрээ загварын ертөнцөд гайхалтай сонголт байсаар иржээ.
Экологийн талаасаа ч нэхмэл утсаар хувцас нэхэх нь зүгээр нэг хобби бус эх дэлхийдээ ээлтэй ухаалаг сонголт юм. Учир нь нэхмэлийн утаснуудын дийлэнх нь байгалийн гаралтай тул задрал сайтай, байгальд хор нөлөө багатай байдаг. Түүнчлэн хуучирсан нэхмэлээ хаяхын оронд задалж, утсыг нь дахин ороон шинэ бүтээл болгон амилуулж болдгоороо хог хаягдалгүй амьдрах “zero waste” хэв маягтай бүрэн нийцнэ.
Эцэст нь, нэхэх гэдэг нь ердөө хувцас урлах тухай ойлголт биш. Харин хэт хурдтай, дижитал төвлөрөл сарнисан нийгэмд өөртөө зориудаар гаргаж буй чанартай цаг хугацаа, ухамсарт хэрэглээ, үнэ цэнийг дахин тодорхойлох соёлын сонголт болоод байна.