
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Засгийн газар уг хуулийн төслийг дэмжиж ирэх баасан гаригт УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Авлигын гэмт хэрэг илрүүлэхээс гадна авлигатай тэмцэх тогтолцоогоо өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүний дагуу таван хуулийг батлуулна.
1. Төрийн нууцын тухай хууль,
2. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль,
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай хууль,
4. Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль,
5. Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох хууль" гэв.
Авлигын гэмт хэрэг жилээс жилд өсөж байна. 2021 онд 536 хэрэг шалгагдаж байсан бол 2025 онд 915 болж таван жилийн хугацаанд 70.7 хувиар өссөн. 2026 оны наймдугаар сарын байдлаар авлигын 1285 хэрэг шалгагдаж байсан байна. Жилийн эцэс гэхэд энэ тоо 1500 давахыг үгүйсгэхгүй.
2015-2025 онд авлигын 1228 хэрэг анхан шатны шүүхээр орж шийдвэрлэгдсэн байна. Үүний 980 нь сүүлийн таван жилд анхан шатны шүүхээр орсон хэрэг байна. 10 жилийн хугацаанд 2133 хүн шүүхээс авлигын хэргээр ял сонссон. Тэдний учруулсан хохирол нь 465 тэрбум төгрөг. Хохирлыг нь 100 хувь бүрэн төлүүлсэн байна" гэв.