
АНУ-ын дуучин D4vd буюу жинхэнэ нэр нь Дэвид Энтони Бёрк өнгөрсөн жил сураггүй болсон 14 настай охины амийг хөнөөсөн хэрэгт буруугүй гэж мэдэгдлээ.
Түүнийг Селест Ривас Эрнандес охиныг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд охины задралд орсон цогцос 2025 оны есдүгээр сард Бёркийн Техас дахь хаяг дээр бүртгэлтэй Tesla автомашины ачааны хэсгээс олдсон байна.
21 настай Бёркт мөн “санхүүгийн ашиг хонжоо олох зорилготой аллага”, “мөрдөн шалгалтын гэрчийг хөнөөсөн” гэх нэмэлт зүйл анги тулгажээ. Лос-Анжелес тойргийн прокурорын газрын мэдээлснээр, тэрээр шүүхийн эхний хуралдаанд үг хэлээгүй ч өмгөөлөгчид нь түүний өмнөөс буруугүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Прокурор Натан Хокманы хэлснээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ривас Эрнандес Бёркийн Холливуд Хиллс дахь гэрт очсоноосоо хойш найз нөхөд, танилуудтайгаа дахин холбоо бариагүй юм. Түүний цогцос 2025 оны есдүгээр сарын 8-нд олдоход гар, хөл нь таслагдсан байжээ.
Хэргийг мөрдөн шалгах явцад олон сарын турш хаалттай тангарагтны шүүхийн ажиллагаа явагдсан бөгөөд шүүх задлан шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд танилцуулахыг зөвшөөрчээ.
Лос-Анжелес хотын цагдаагийн газрын дарга Жим МакДоннелл “Миний үүрэг бол таамгийг дэвэргэх биш, харин шударга ёсыг тогтоох. Үүнд тэвчээр, сахилга бат шаардлагатай” гэж мэдэгджээ.
Бёрк баривчлагдсанаасаа хойш батлан даалтад гаралгүй хоригдож байгаа бөгөөд прокурорууд цаашид цаазаар авах ял нэхэмжлэх боломжтой гэж мэдэгдсэн байна.
Техасын Хьюстон хотоос гаралтай Бёрк нь “Here With Me”, “Romantic Homicide” зэрэг инди-поп дуугаар танигдсан. Мөн Fortnite тоглож буй бичлэгүүдээ нийтэлснээр анх алдаршиж байжээ.

2023 онд анхны EP “Petals To Thorns”-оо гаргаж, мөн онд SZA-гийн “SOS” аялан тоглолтын нээлтэд оролцсон байна. 2025 оны дөрөвдүгээр сард анхны цомгоо гаргаж, Spotify дээр 22 сая сарын сонсогч, ТикТок дээр бараг 4 сая дагагчтай болсон байжээ.
Охины цогцос олдсоны дараа тэрээр дэлхийн аялан тоглолтоо цуцалж, олон нийтийн анхаарлаас холдсон.