
Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн охин 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж байна.
Филиппиний Төлөөлөгчдийн танхим даваа гарагт Сара Дутертег хоёр дахь удаагаа импичментэд оруулж, тус улсын улс төрийн хямралыг улам гүнзгийрүүллээ. Энэ нь түүний 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр хүлээлттэй байгаа кампанит ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Хууль тогтоогчид импичментийн хэргийг Сенат руу шилжүүлэхийг дэмжсэн бөгөөд тэнд болох шүүх хурал нь Дутерте дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа үлдэх эсвэл төрийн алба хаших эрхээ бүрмөсөн алдах эсэхийг шийдэх юм.
Хуралд оролцсон 290 хууль тогтоогчоос 255 нь импичментийг дэмжсэн нь Филиппиний хуулиар шаарддаг босгоос хавьгүй өндөр байлаа.

47 настай дэд ерөнхийлөгч Сара Дутертед төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан, эх үүсвэр нь тайлбарлагдаагүй хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал болон Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр, тэргүүн хатагтай Лиза Аранета-Маркос болон парламентын дарга асан Мартин Ромуалдез нарт заналхийлсэн гэх зэрэг буруутгагдаад буй.
Өнгөрсөн жил болсон онлайн хэвлэлийн бага хурлын үеэр Дутерте “Хэрэв намайг албал BBM, Лиза Аранета-Маркос, Мартин Ромуалдез нарыг ал” гэж хэн нэгэнд хэлсэн гэж мэдэгдэж байсан. BBM гэдэг нь Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр-ийн хоч юм.
Дутерте энэ ажиллагааг улс төрийн зорилготой гэж үзэж, импичментийн өргөдлийг “цаасны өөдөс төдий зүйл” хэмээн нэрлэсэн байна.
Мөн тэрээр өөрт нь тулгаж буй буруутгалуудтай холбоотой парламентын сонсголуудад оролцохоос татгалзжээ.
Сүүлийн импичмент нь өнгөрсөн жил Филиппины Дээд шүүхээс өмнөх оролдлогыг хүчингүй болгосны дараа гарч ирсэн байна. Тухайн үед Сенатын шүүх ажиллагаа эхлэхээс өмнө хэргийг хэрэгсэхгүй болгосон ч хууль тогтоогчид шинэ хэрэг үүсгэхэд саад болоогүй юм.
Cара Дутерте Филиппиний түүхэнд хоёр удаа импичментэд орсон анхны албан тушаалтан болж байна.
Одоо анхаарал Сенат руу шилжиж байгаа бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар Дутерте тэнд хүчтэй дэмжлэгтэй хэвээр байгаа аж.