
“Мурасу” хар салхи мягмар гарагт Энэтхэгийн зүүн эрэгт хүрч, эрх баригчид олон мянган иргэнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Энэ нь тус бүс нутагт долоо хоногийн дотор тохиолдож буй хоёр дахь хар салхи юм.
Энэтхэгийн Цаг уурын газраас мэдээлснээр, хар салхи зүүн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужийн эрэгт орон нутгийн цагаар 03:30–05:30 цагийн хооронд хүрсэн байна. Энэ үеэр салхины хурд цагт 100–110 км, ширүүсэх үедээ 120 км хүрчээ.
Одоогоор хүний амь нас эрсэдсэн, гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй ч зарим мод, цахилгааны шон хүчтэй салхинд унасан байна. Андхра-Прадеш мужийн Гамшгийн удирдлагын газрын дарга Пракар Жайны мэдээлснээр, эрх баригчид даваа гарагаас эхлэн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд нийт 30 мянга орчим хүнийг аюулгүй газарт хүргэхээр төлөвлөжээ.
“Мурасу” хар салхи Энэтхэгийн зүүн эргийн халуун орны циклон ихээр үүсдэг Бенгалын буланд бүрэлдсэн байна. Цаг уурын газрын урьдчилсан мэдээгээр Андхра-Прадеш болон өмнө зүгт орших Тамил Наду муж хамгийн их хохирол амсах эрсдэлтэй аж.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Андхра-Прадеш мужийн эрэгт хүрсэн “Арнаб” хар салхины улмаас дор хаяж зургаан хүн амиа алдсан юм. Тус хар салхийг Энэтхэгийн Цаг уурын газар “маш хүчтэй циклон” ангилалд багтаажээ.