
АНУ-ын цэргийнхэн Ираны боомтуудын эсрэг тогтоосон хоригийг зөрчин Оманы булангаар нэвтрэхийг оролдсон хөлөг онгоц руу гал нээсэн гэж мэдэгдэв.
Ойрхи Дорнод дахь ажиллагааг хариуцдаг АНУ-ын Төв командлал (CENTCOM) мэдэгдэлдээ, Тэнгисийн цэргийн нисдэг тэрэг Панамын далбаатай Vela Nova ачааны хөлөг онгоц руу хоёр ширхэг Hellfire пуужин харвасан гэж мэдээлжээ.
Тус хөлөг “Оманы булангаар дамжин өнгөрч, Ираны боомт руу чиглэн явснаар АНУ-ын Иранд тогтоосон хоригийг зөрчихийг оролдсон” гэж АНУ-ын Төв командлал мэдэгдсэн байна.
Халдлагаар хөлөг онгоцны хөдөлгүүрийн хэсгийг онилж, жолоодлогын системийг ажиллагаагүй болгожээ. Мөн багийнхан “Америкийн цэргийн хүчний удаа дараагийн анхааруулгыг үл тоосон” гэж буруутгалаа. Халдлагын үеэр багийн гишүүдээс хэн нэгэн шархадсан эсэхийг мэдээлээгүй юм.
АНУ-ын Төв командлал мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ, Ираны боомтуудад тогтоосон хоригийн хүрээнд АНУ-ын цэргийнхэн нийт 55 арилжааны хөлөг онгоцыг хөдөлгөөнгүй болгож, шаардлагыг биелүүлээгүй гэх гурван хөлөг онгоцыг мөн ажиллагаагүй болгож, хоёр хөлөгт сууж шалгалт хийсэн гэжээ.
Сүүлийн үед байлдааны ажиллагаа дахин эхэлсэнтэй холбогдуулан АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн цэргийн хоригоо сэргээсэн байна. Үүний зэрэгцээ Иран Ормузын хоолой дахь хяналтаа дахин сэргээжээ.
Зургадугаар сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд дээрх хоёр арга хэмжээг цуцалсан байсан юм. Тус санамж бичиг нь илүү урт хугацааны энх тайвны хэлэлцээг дахин эхлүүлэхийн зэрэгцээ Иранд тавьсан эдийн засгийн хүнд хориг арга хэмжээ болон тус улсын цөмийн хөтөлбөрийн ирээдүйн асуудлыг хэлэлцэх зорилготой байжээ.
Гэвч тохиролцоонд хүрэх хүчин чармайлтад төдийлөн ахиц гаргаагүй байна. Даваа гарагт Трамп Иранаас “50 жилийн” хугацаанд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг шаардаж, байр сууриа улам чангаруулсан бололтой.
Техран өмнө нь аливаа хэлэлцээрт сэргээн босголтын санхүүжилт багтах ёстой гэж мэдэгдэж байв. Зургадугаар сарын харилцан ойлголцлын санамж бичигт Ираны сэргээн босголтод зориулан 300 тэрбум ам.долларын сан байгуулах урьдчилсан төлөвлөгөө тусгагдсан байжээ.
Сүүлийн байлдааны үеэр Йеменд төвтэй Хуситууд Баб-эль-Мандебын хоолой дахь хөлөг онгоцнууд руу халдсан нь бүс нутгийн худалдааны өөр нэг чухал замтай холбоотой асуудлыг үүсгэж, мөргөлдөөнийг улам төвөгтэй болгосон.
Харин Иран дипломат хүчин чармайлтаа голчлон Омантай шууд хэлэлцээ хийхэд чиглүүлж, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийн шинэ чиглэлүүдийг тогтоох асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Дайнаас өмнө дэлхийн далайн тээврээр дамждаг чулуужсан түлшний худалдааны 20 орчим хувь нь АНУ, Израил хоёрын хоёрдугаар сарын 28-нд эхлүүлсэн дайны өмнө дэлхийн эрчим хүчний худалдааны гол зангилаа болох Ормузын хоолойгоор дамждаг байжээ.
Ираны хагас албан ёсны Tasnim мэдээллийн агентлаг мягмар гарагт Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резайгийн хэлснийг иш татан мэдээлэхдээ, Ормузын хоолой “АНУ зан үйлээ өөрчилж, Ираны нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хүртэл нээгдэхгүй” гэжээ.
Тэрээр Омантай байгуулах аливаа тохиролцоо нь хоолойг хаасан асуудлаас “тусдаа” байх болно гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Накви мягмар гарагт Техранд хүрэлцэн ирж, Ираны албаныхантай хэлэлцээ хийсэн нь дайныг зуучлах, өргөн хүрээний дипломат хүчин чармайлтыг урагшлуулах хамгийн сүүлийн оролдлого боллоо.