
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Уг үзэсгэлэнгээр үндэсний бичиг үсгээ хичээнгүйлэн сурч буй сурагчид, оюутнууд, заан сургаж, түгээн дэлгэрүүлэгч багш нар, уран бичээчдээ урамшуулан дэмжиж, сор бүтээлүүдийг нь олон нийтэд сурталчлан таниулж, хүндэтгэн алдаршуулдаг юм.
Энэ жил “Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй. Тиймээс их зохиолчийн монгол хэл, үндэсний уран зохиол, түүх, нийгэм, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээл туурвил, үзэл санааг монгол уран бичлэгийн бүтээлээр дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний бичиг соёлын дархлааг бэхжүүлэхийг зорьжээ.
Энэ жилийн уралдаанд Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы уран бүтээлч, багш, оюутан, сурагч нарын 200 гаруй уран бичээчид бүтээлээ ирүүлсэн бөгөөд жилээс жилд оролцогчдын бүтээлийн өнгө төрх, чадвар, агуулга сайжирч байгааг шүүгчдийн бүрэлдэхүүн онцолсон юм.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдрийг угтан олон улсын үзэсгэлэнгийн нээлт болон шалгарсан уран бичээч, багш, сурагчдад шагналыг гардууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар С.Дулам, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, уран бичлэгийн их мастер, судлаач Д.Батбаяр зэрэг эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн юм.
8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:
Тэргүүн байрт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Отгонбаяр “Их хүмүүн” бүтээлээр
Дэд байрт Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Х.Номин-Эрдэнэ “Дөрвөн цаг” бүтээлээр
Гутгаар байрт Нийслэлийн ерөнхий боловсролын 189 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Н.Энхрийлэн” Алс газар сурахаар явагч” бүтээлээр тус тус шалгарав.
11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:
Тэргүүн байрт Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Утгатөгөлдөр "Цагаан сар ба хар нулимс” бүтээлээр
Дэд байрт 'Ургам Ухаан сургууль'' хими биологийн лицей сургуулийн сурагч Б.Алимансаран “Миний нутаг” бүтээлээр
Гутгаар байрт Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн сурагч Б.Сайханцэцэг “Хөдөө талын үзэсгэлэн” бүтээлээр тус тус шалгарав.
Багш нарын ангилалд:
Тэргүүн байрт бүтээлээр Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн “Харанхуй хад” бүтээлээр
Дэд байрт “English School of Mongolia” сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Т.Цолмон “Монгол ардын суут” бүтээлээр
Гутгаар байрт “Гурван тамир” сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш О.Ганжигүүр “нэг үгээр дэлхийг донсолгов” бүтээлээр шалгарлаа.
Оюутны ангилалд:
Тэргүүн байрт МУИС-ийн 1 дүгээр түвшний оюутан А.Хүслэн "Миний нутаг" бүтээлээр
Дэд байрт МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн хөтөлбөрийн 2 дугаар түвшний оюутан Б.Баяр-Эрдэнэ “Миний нутаг” бүтээлээр
Гутгаар байрт МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан Ч.Өнөрзаяа “Хөгжмийн эгшиг” бүтээлээр тус тус шалгарав.
Уран бүтээлчдийн ангилалд:
Тэргүүн байрт “Оюун түлхүүр” урлагийн боловсролын тэргүүн Б.Алтантуяа “Хүмүүн” бүтээлээр
Дэд байрт БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны уран бүтээлч Уулын Самтан “Дөрвөн цаг” бүтээлээр
Гутгаар байрт Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Э.Анхбаяр “Эрдэм” бүтээлээр тус тус шалгарав.
“Мөнх тэнгэрийн бичиг-2026” уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн Орд танхимд энэ сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ.