
Диего Марадона 1986 оны ДАШТ-д алдарт "Бурхны гар" гоолоо оруулсан бөмбөг дуудлага худалдаагаар 3.3 сая ам.доллароор зарагдлаа.
Аргентины шигшээ баг шөвгийн наймд Английн багийг 2:1-ээр хожсон тоглолтод Марадона хаалгач Питер Шилтоны эсрэг үсрэн бөмбөгийг гараараа цохиж гоолдсон нь түүхэнд үлдсэн юм. Тоглолтын дараа тэрээр сэтгүүлчдэд "Бага зэрэг Марадонагийн толгой, бага зэрэг бурхны мутраар энэ гоол орсон" хэмээн ярьж байв. Мөн тэрээр энэ тоглолтод Английн таван тоглогчийг хуурч, Шилтоны хаалганд "зууны шилдэг гоол" гэгддэг хоёр дахь гоолоо оруулж байжээ.
Бямба гарагт АНУ-ын Heritage Auctions дуудлага худалдаагаар уг бөмбөгийг 3.3 сая доллароор зарсан бөгөөд анх 10 сая ам.долларт хүрнэ гэж таамаглаж байв.
Adidas Azteca бөмбөгийг 1986 оны тоглолтыг шүүсэн Тунисийн шүүгч Али Бин Нассер авч, 30 гаруй жил хадгалжээ. Тэрээр 2022 онд бөмбөгийг 1.74 сая фунт стерлингээр зарсан бөгөөд шинэ эзэмшигч нь 2023 онд дахин дуудлага худалдаанд оруулсан ч хангалттай үнэд хүрээгүй тул зарагдаагүй байсан юм.
Ташрамд дурдахад, Марадонагийн тухайн тоглолтод өмссөн өмсгөл 2022 онд дуудлага худалдаагаар 7.1 сая фунт стерлингээр зарагдаж байжээ.