
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилготой “Нэг монгол-нэг нүүдэл” 1000 шатарчны нээлттэй тэмцээнийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэхүү нээлттэй тэмцээн энэ жил 28 орны шатарчид цугларсан Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцав. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож тамирчин, шатар сонирхогч бүхэнд амжилт хүссэн юм.
“Нэг монгол-нэг нүүдэл” 1000 шатарчны нээлттэй тэмцээн бага, дунд, ахлах насанд болон насанд хүрэгчдийн ангилалд аваргуудаа тодруулав. Мөн шатарчид блиц төрлөөр есөн өрөг тоглож шилдэг тоглогчдыг шалгаруулжээ.
