
Ус цаг агаар, орчны мэдээллээр гол нуурын усны түвшин эрс нэмэгдлээ. Наймдугаар сарын 4 буюу өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн (Өндөрхаан сум), Хангай нурууны араас усжих Орхон, Хануй, өврийн Таац, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна. Мөн Туул (Лүн сум) , Сөгнөгөр, Хараа (Дархан), Хэрлэн, (Мөнгөнморьт сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хөгшин Орхон, Онги (Сайхан-Овоо сум) , Хархираа (Тариалан сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Балж , Онон гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус үерлэж байна.
Иймд иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлж үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг анхааруулж байна.