
Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад болохгүйн тулд Богдхан ууланд экологийн гарц байгуулна.
Халиун буга, бор гөрөөс, хүдэр, булга, туулай зэрэг олон зүйлийн зэрлэг амьтны амьдрах орчин болсон энэ газар хотжилт, авто болон төмөр зам, хашаа байгууламжийн улмаас амьтдын нүүдэл, шилжих хөдөлгөөний зам хумигдаад байгаа. Ялангуяа халиун буга, бор гөрөөс зэрэг амьтны Туул гол руу орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдаж, зам тээврийн осолд өртөх, зэрлэг нохдод хөөгдөх, хашаа байгууламжид хавчигдах тохиолдол гарсаар байгаа юм.
Иймээс БОУАӨ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, "Монголын байгаль хамгаалагчдын холбоо", холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл хуралдаж, экологийн гарц байгуулах эхний байршлыг эцэслэн тогтоов.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих энэ гарц нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн боломжийг нэмж, амьдрах орчны холбоосыг сэргээх, зам тээврийн осол, бусад эрсдэлийг багасгах ач холбогдолтой юм.