
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр Афганистанд олон гэр бүл “өлсгөлөн”-тэй нүүр тулжээ.
Афганистан дахь НҮБ-ын тусламжийн агентлаг Пакистан хөрш улсынхаа эсрэг довтолгоогоо эрчимжүүлсний дараа үйл ажиллагаагаа түр зогсоохоос өөр аргагүй болсон байна. Хоёр улсын хооронд агаарын цохилт болон хилийн дагуух буудалцаанаар тодорхойлогдсон шинэ мөргөлдөөн 8 дахь өдрөө үргэлжилж байна.
Дэлхийн хүнсний хөтөлбөр Афганистанд аль хэдийн ноцтой байдалд байгаа хүмүүнлэгийн хямрал улам дордож байгааг анхааруулсан бөгөөд ялангуяа хилийн бүсүүдэд нөхцөл байдал хүнд байгааг онцлов. Мөн АНУ-Израилийн Ираны эсрэг дайн нөхцөл байдлыг улам дордуулах эрсдэлтэй гэж мэдэгджээ.
НҮБ-ын агентлагийн хэлснээр яаралтай хүнсний тусламжийн хөтөлбөрийг түр зогсоосон нь бараг 160 000 хүнд нөлөөлнө. Агаарын цохилт болон газар дээрх мөргөлдөөнүүд дараах мужуудын 46 дүүрэгт нөлөөлсөн байна. Үүнд: Нуристан, Лагман, Кунар, Нангархар, Пактик, Пактия, Хост, Кандагар, Хелманд, Забул багтаж буй аж.
“Дэлхийн хүнсний хөтөлбөр яаралтай хүнсний тусламж, нийгмийн хамгааллын хөтөлбөр, сургуулийн хоол тэжээлийн хөтөлбөр болон амьжиргааг дэмжих үйл ажиллагаагаа түр зогсоохоос өөр аргагүй болсон” гэж тус байгууллага мэдэгджээ.
Нөлөөлөлд өртсөн мужуудын дөрөвт нь аль хэдийн хүмүүнлэгийн хямралаас үүдэлтэй хүнд хэлбэрийн хоол тэжээлийн дутагдал гарч эхэлжээ. Мөн мөргөлдөөн болсон дүүргүүдийн тал гаруй нь “яаралтай түвшний өлсгөлөн”-д хүрчээ.
Афганистан дахь Дэлхийн хүнсний хөтөлбөрийн суурин төлөөлөгч хэлэхдээ “Уулын бүсийн Кунар болон Нангархар мужийн иргэд аль хэдийн хамгийн эмзэг байдалдаа тулсан. Тэд өнгөрсөн жилийн газар хөдлөлтөөр гэр бүлийн гишүүдээ алдаж, гэр орон, амьжиргаагаа алдсан. Харин өнөөдөр яг тэр хүмүүс дахин фронтын шугам дээр ирж, одоо Пакистантай ширүүсэж байгаа мөргөлдөөнтэй нүүр тулж байна” гэжээ.
Пакистан болон Афганистаны хооронд удаан хугацаанд үргэлжилсэн хурцадмал байдал өнгөрсөн долоо хоногт дахин сэдэрчээ. Пакистан хил давуулан террорист бүлэглэлүүдийн байрлалд цохилт өгсөн гэж мэдэгдэн агаараас довтолсон байна. Хариуд нь Афганистан хилийн бүсэд Пакистаны хүчнийхэнтэй тулалдаж, үүний дараа Исламабад хөрш улсынхаа эсрэг “нээлттэй дайн” зарласан нь олон улсын хамтын нийгэмлэгийг түгшээжээ.
Өнгөрсөн 2-р сарын 26-наас хойш болсон хүчирхийллийн улмаас дор хаяж 42 энгийн иргэн амиа алдаж, 104 хүн шархадсан байна. Исламабадын мэдэгдсэнээр тэдний цэргүүд 430 гаруй Афган цэргийг устгасан гэж мэдээлсэн ч Кабулын дурдсан энгийн иргэдийн хохирлын талаар тайлбар өгөөгүй байна.
Пакистаны армийн командлагч Асим Мунир хэлэхдээ, Афганистантай энх тайван тогтоох нь Талибан Пакистан руу халддаг босогчдоос холбоогоо таслах эсэхээс хамаарна гэж анхааруулжээ. Мөн Исламабад хилийн цаанаас ирж буй аюул заналхийллийн эсрэг “шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн байна.