
Энэ долоо хоногийн баасан гарагт Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж гэж байна.
Тус хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрээр "Гэр бүлийн харилцаа нийгмийн анхдагч, суурь харилцаа. Гэр бүлийн тухай хууль нэлээд удаан боловсруулагдсан. Энэ зөвхөн гэрлэгсдийн хоорондох харилцаатай холбоотой биш. Хүүхдийн асаргаа, хангамж хэрхэх вэ, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө яах вэ, шүүх дээр хэрэг маргааныг шийдэхдээ хүүхдийн эрхийг зөрчихгүй байх тал дээр хэрхэн анхаарах вэ гэхчлэн маш чухал хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна.
Гэр бүлийн шүүх дагнасан байх шаардлагатай. Шүүгч нар янз, янз байдаг. Тухайлбал, хүүхдийн асаргаа, халамж дээр үнэхээр ээж нь болохгүй байхад шүүх ээжид нь үлдээх шийдвэр гаргадаг. Гэтэл хүүхдийн цаашдын амьдралд эцэг нь илүү үүрэгтэй байх тохиолдол бий. Тэгэхээр шүүгчээс шалтгаалах субъектив орон зайг хязгаарлах хэрэгтэй.
Хүүхдийн тэтгэмжийн тухайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар маш сайн зохицуулагдах ёстой. Хуулийг өргөн барьсан ч одоог хүртэл хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Ерөөсөө хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол төрөөс авдаг бусад төрлийн үйлчилгээг хязгаарлах ёстой. Тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.
Хөрөнгө хураах тухай хууль энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлуудын 24 дүгээрт бичээстэй байгаа. Хойно өргөн баригдсан олон асуудлыг хэлэлцэж байна. Яагаад дараалалд оруулахгүй, хэлэлцүүлэхгүй байгааг гайхаад л байна. Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороонд асуудлаа хэлнэ. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд өөрчлөлт оруулах юм билээ. Энэ улс оронд хэзээ амрах нь чухал байгаа юм уу, авлига, хулгайтайгаа тэмцэх нь чухал байгаа юм уу" гэв.