
Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх судалгааны дүгнэлтийг Засгийн газарт хүлээлгэн өгөх аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өглөө. Тэрээр "Москва хотноо ОХУ-ын Шинжлэх ухааны академи, Монголын Шинжлэх ухааны академийн хамтарсан дүгнэлтийн хурал болсон. Хоёр жил Орос, Монголын эрдэмтэд хамтран Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжих боломжтой гэж дүгнэсэн. Ямар ч нөлөөгүй гэж ярих нь өрөөсгөл. Судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны арванхоёрдугаар сард болох Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулахаар болсон" гэв.