
Азийн олимпын зөвлөлөөс 2026 оны эхний тэмцээнийг БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа арал дээр өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулав. 45 баг орны баг тамирчид Азийн элсний спортын VI наадамд спортын 14 төрлийн 64 зай төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн наадам 2016 оноос хойш буюу 10 жилийн дараа дахин болж байгаагаараа онцлог болсон. Азийн олимпын зөвлөлөөс хоёр жил тутамд болдог VI наадмыг БНХАУ-ын баг тамирчид 24 алт, 18 мөнгө, 13 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Тайланд /10+9+9/, Иран /9+1+0/ хоёр, гуравдугаар байрт жагслаа. Вьетнам, Филиппин, Энэтхэгийн баг гурван алттай, АНЭУ, Катар хоёр алтыг энэ наадмаас авчээ. БНСУ, Шри Ланк, Индонез, Казахстан, Сингапур, Узбекистан нэг алтан медальтайгаар 9-14-р байрт жагссан байна. 50 гаруй тамирчдаа илгээсэн Монгол Улсын баг нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар Хойд Солонгос, Тайваны ард 19-р байрт жагслаа. Энэ наадмаас 31 орон ямар нэгэн медаль хүртжээ.
10 жилийн дараа эргэн ирсэн наадам
2008 онд анх Индонезийн Бали арал дээр эхэлж байсан Азийн элсний наадам 2010 онд Оманд зохион байгуулагдаж цар хүрээгээ тэлсэн юм. Энэ наадмаас хойш оролцогч орны тоо нэмэгдэж далайд гарцгүй орнууд ч баг тамирчдаа илгээдэг болсон. Монгол Улсад элсний наадмын төрлүүд өндөр түвшинд хөгжөөгүй ч зарим төрөлд өрсөлдөөнийг нэмэгдүүлж чадлаа. 2016 онд Вьетнамын Дананг хотод болсон наадмаас хойш элсний наадам түр хугацаагаар зогсоод байсан юм. 2019 оны ковидийн нөхцөл байдал ч нөлөөлж наадам зохион байгуулах хотод өөрчлөлт орсны дараа 10 жилийн дараа БНХАУ хоёр дахь удаагаа наадмыг зохион байгууллаа. Энэ удаа Хайнань мужийн Саньяа арал дээр Азийн 45 орны баг тамирчид цугларсан юм. Монгол Улсаас 50 гаруй баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 19-р байрт жагссан. Мөн энэ удаагийн наадмын үеэр Азийн олимпын зөвлөлөөс Филиппин улсын Сэбу аралд 2028 онд Азийн элсний VII наадам зохион байгуулагдах болсныг зарласан юм.

Жюү жицүчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцов
Наадмын эхний өдрүүдэд болсон жюү жицүгийн бөхийн төрлөөс Монголын баг хоёр хүрэл медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-д Г.Монголжин медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Арабын нэгдсэн Эмират улсын тамирчин Хесса Алшамсиг ялж багийнхаа эхний медалийг авчирсан. Үүний араас эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Шүрэнцэцэг мөн медалийн тавцанд зогсож багийнхаа амжилтыг ахиулсан юм. Тэрээр Тайландын Сингчалад Нучанатыг илт илүүрхэн Азийн элсний наадмын хүрэл медальтан болсон. Өргөн бүрэлдэхүүнтэй очсон жюү жицүчдийн дунд олон улсын шүүгч Б.Буяндэлгэр, Т.Мөнх нар багтсан юм. Тэд энэ удаагийн наадмын зохион байгуулах багт албан ёсоор багтаж шүүгчээр ажилласан. Элсний наадмын жюү жицүгийн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын шүүгчид багтсан нь наадмын нэг онцлох үйл явдал болов. 11 тамирчнаас гадна хоёр шүүгчтэй очсон жюү жицүгийнхэн хоёр хүрэл медальтайгаар наадмыг эхлүүлж чадсан юм. Харин тэдний медалийн буухиаг элсний бөхчүүд үргэлжлүүлсэн.
Элсний бөхчүүд энэ наадмыг хаалтыг хийлээ
Азийн элсний VI наадмын сүүлийн өдрүүдэд элсний бөхийн барилдаан болж Монгол Улсаас дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөн. Сүүлийн өдрийг хүртэл алтан медальгүй байсан Монголын багийн гол найдвар чөлөөт бөхийн тамирчдад ирсэн. Элсний бөхийн нэг онцлог нь алтан медалийн төлөө барилдахын тулд тамирчин дор хаяж 6-8 барилдааныг хийж байв. Энэ төрөлд манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд хүч сорьсон чөлөөт бөхийн ОУХМ З.Болортунгалаг финалд ганцаараа шалгарч чадсан юм. Түүний сүүлийн өрсөлдөгч нь U23 насны ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл,U17 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн хошой алт, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Малик Прияа байсан. Энэ барилдаанд Прияа 3:2-оор ялалт байгуулснаар манай тамирчин мөнгөн медиалаар энгэрээ мялаасан. З.Болортунгалагийн энэ медаль Монголын багийн цорын ганц мөнгөн медаль болж, багийн дүнгээр 19-р байрт орох боломжийг нээсэн юм. Мөн элсний бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Төрболд сүүлийн хүрэл медалийг хүртэж Монголын багийн дөрөв дэх медальтай буцлаа. Элсний бөхөөр Монголын дөрвөн бөх барилдсанаас хоёр нь медальд хүртсэн амжилтыг үзүүллээ. Мөн З.Болортунгалаг алтын дайтай мөнгөн медаль хүртэж наадмын хамгийн өндөр амжилтыг гаргасан юм. Чөлөөтийн бөхчүүд энэ удаагийн хаалтыг хийсэн ч медалийн буухиаг үргэлжлүүлж чадлаа. Мөн хүрэл медальт Г.Төрболд хаалтын ажиллагаанд Монголын багийн тугчаар ажилласан юм.

Хүндэт зочдын эгнээнд Томас Бах багтав
Саньяа хотод зохион байгуулагдсан Азийн элсний спортын наадамд Олон улсын олимпын хорооны хүндэт зочид уригдан очсон. Тэдний дунд Олон улсын олимпын хорооны хүндэт ерөнхийлөгч Томас Бах багтсан. Тэрээр олимпын хөдөлгөөн зөвхөн өрсөлдөөнөөс гадна нөхөрлөл, харилцан хүндлэл, нийтлэг үнэт зүйл дээр тулгуурлан улс орнуудыг нэгтгэдэг гэдгийг дахин сануулж, Азийн баг тамирчдад өндөр амжилтыг хүсэж байсан юм. Мөн энэ наадмын хүндэт зочдын нэг бол Азийн олимпын зөвлөлийн ерөнхийлөгч ноён Шейх Жоан бин Хамад Аль Тани, БНХАУ-ын Спортын сайд Гао Жидан болон Хайнань мужийн удирдлагууд байж тэд хаалтын ажиллагаа дуустал Саньяад ажилласан. Азийн олимпын зөвлөлийн удирдлагууд 45 орны олимпын зөвлөлийн Удирдах зөвлөлийн багийг хүлээн авч хүндэтгэн угтсан юм. Наадмаас наадмын хооронд оролцоогоо нэмэгдүүлж буй Монгол Улсын баг тамирчдад Азийн олимпын зөвлөлөөс талархал илэрхийлж, дараа дараагийн наадамд илүү идэвхитэй байж, амжилтаа ахиулахыг хүслээ.

Багийн төрлөөр монголчууд нэгдэж чадлаа
Элсний наадмын хамгийн өрсөлдөөнтэй төрлийн нэг бол элсний гандбол, волейбол зэрэг төрлүүд байдаг. Энэ төрөлд Монголын баг анх удаа өрсөлдөж наадмын өрсөлдөөнийг нэмэгдүүлж чадсан. Олимпын наадмын хөтөлбөрт багтдаг элсний волейболоор монголчууд Ази тивдээ өрсөлдөх хэмжээнд болжээ. Энэ удаа элсний волейболоор эмэгтэй хос болох Г.Хандсүрэн, М.Оюунтуяа нар Филиппин, Казахстан зэрэг хүчтэй багуудтай өрсөлдлөө. Монголын тамирчдаас хол мэт байсан элсний волейбол, гандболын төрлөөр манай залуус өрсөлдөж наадмын эхлэлийг тавьсан юм. Наадмаас наадмын хоорондоо оролцоогоо нэмэгдүүлж буй Монголын залуу үе 2028 онд Филиппиний Сэбу аралд болох VII наадамд илүү сайн бэлтгэлтэй очих нь эргэлзээгүй болжээ.
