
Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг том компаниудын төвлөрүүлж байгаа татвараар төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөнөөс эхлээд томоохон бүтээн байгуулалтын дийлэнхийг санхүүжүүлдэг гэхэд хилсдэхгүй.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болсон уул уурхайн баялаг шавхагддаг. 30-50 жилээр яригдаж байгаа эдгээр том ордын нөөц дуусах үед бидний үр хүүхэд ашиглах дараагийн “орд” бэлэн үү?
Эрэл, хайгуулаас эхлээд орд болгон ашиглатал 20 хүртэл жил шаарддаг ч, геологи, хайгуулын ажил удааширч, түүнд оруулах хөрөнгө оруулалт буурснаар өнгөрсөн 10 гаруй жилээ бид хэдийнэ алдсан. Цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх эрх зүйн зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаад буй.
Манай улс 1997 оноос хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 16881 тусгай зөвшөөрөл олгосны 2558 нь ашиглалтынх, 14323 нь хайгуулынх байсны 13499-ийг өргөдлөөр, 738-ыг сонгон шалгаруулалтаар, 80 гаруйг Засгийн газрын тогтоолоор олгожээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2008 онд 4111 болж, оргилдоо хүрч байсан бол өнөөдөр энэ тоо дөрөв дахин буурсан. 2010 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, шилжүүлэхийг түр зогсоож, 2010 онд батлагдсан “Урт нэртэй” хуулийн хүрээнд 1782 лицензийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэж, 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан зэрэг нь хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэх, хайгуулын салбарын хөрөнгө оруулалт буурах гол шалтгаан нь.

2022 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс цахим хэлбэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо сум, дүүргийн нутаг дэвсгэрийн 15 хувиас хэтрүүлэхгүй байхыг зөвлөсөн байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл газар нутгийн 1.2 хувь, хайгуулынх 3.5 хувь гээд манай улсын нийт газар нутгийн 4.7 хувьд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогджээ.
Өргөдлөөр олгож байсан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмыг 2009, 2010 онд баталсан ч тухайн үедээ энэ журам хэрэгжээгүй. Улмаар 2015 оноос эхлэн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар өнгөрсөн хугацаанд журмыг найман удаа шинэчлэн баталж, гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэсэн ч хайгуулын ажил эрчимжээгүй хэвээр байна.
АМГТГ-ын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Хатанбаатар
2022 оноос хойш Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран цахимаар, сонгон шалгаруулалтын журмаар олгоод явж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ашиглалтынхаас олон байж, шинээр орд илрэх боломжтой гэж үздэг ч манайд энэ нь эсрэгээрээ, урвуу хамааралтай болчихсон. Олон жил хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн. Хуулиараа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайг сонгон шалгаруулалтаар зарлахдаа Үндэсний геологийн албанд тухайн талбайг бэлтгэж, АҮЭБЯ-нд хүргүүлдэг. Үүний дараа яамнаас АМГТГ-ын Кадастрын хэлтэст сонгон шалгаруулалтыг талбайн мэдээллийг ирүүлснээр бид сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. Жилдээ 20 орчим удаа сонгон шалгаруулалт зарлаж байгаа бөгөөд талбайн хэмжээ янз бүр. Харин аж ахуйн нэгжүүдийг сонгохдоо үнийн дүнг 60 хувь, техникийн оноог 40 хувиар тооцохоор журамласан байдаг учраас сонгон шалгаруулалтад оролцож байгаа компаниудын хувьд ирүүлсэн үнийн саналаараа өрсөлддөг гэсэн үг.
Хэдийгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар зарлаж эхэлснээр хүний оролцоо буурч, цаас хэвлэх, цаг хугацаа алдан дугаарлах шаардлагагүй болсон ч том орд нээх хүсэлтэй, барууны томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй хэвээр.
AUSTCHAM-ийн бодлого, нөлөөллийн хорооны дарга С.Мандахбат
Сонгон шалгаруулалтаар зарлаж байгаа талбай нь хаалттай хязгаарлагдмал хүрээний, үр ашиггүй, судалгаа муу хийгдсэн гэхчлэн сонирхол татахааргүй байдаг. Нөгөө талдаа, тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдын зарим нь хайгуул хийх биш тухайн талбайг өндөр үнээр авч, үнэд хүргэж зарах гэсэн ашиг сонирхлоор оролцдог ч жишиг бий. Иймээс хайгуул хийх талбайг чөлөөтэй сонгох боломжийг нээж өгөөд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө хайгуул судалгаагаа хийдэг болбол бодит өөрчлөлт болно гэж харж байна.
1997 оноос хойш олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг судлахад, 200 хайгуулын тусгай зөвшөөрөл тутмын нэг нь олборлолтод шилжжээ. Эрсдэл өндөр энэ салбарт хөрөнгө оруулалт, нөгөө талаар үеийн үед яригдсаар ирсэн лицензийн наймааг цэгцлэхийн тулд “сонирхол татахуйц” сонгон шалгаруулалтын талбай хэрэгтэй. Төсвийн мөнгөөр хайгуул хийгдсэн гэх одоо зарлаж байгаа зарим талбайд санал ирэхгүй байх, нэг талбайд нэг санал ирэх зэрэг тохиолдол сонгон шалгаруулалтын 40-46 хувьд нь байна. Иймээс ч улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа геологийн судалгааны ажлыг хувийн хэвшлийн хөрөнгөөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Бат-Эрдэнэ
Хуулийн төсөлд туссан нэг гол зохицуулалт нь өөрийн хөрөнгөөр суурь судалгаа хийж болох энэ заалт. Гэхдээ тухайн компани суурь судалгаа хийх, 1*50000 масштаб зураглал хийхэд хэдэн талбай авч болохыг хуульд тоогоор оруулах нь чухал. Учир нь хуулийн төсөлд орсон энэ зохицуулалт нь геологи хайгуулын ажлыг өргөтгөхөөс гадна тусгай зөвшөөрлийн төлбөрөөс эхлээд холбогдох төсвийн орлого нэмэгдэхэд чухал зохицуулалт юм. Хэдий чинээ том, ирээдүй бүхий талбайд хайгуул хийнэ төдий чинээ орд олох магадлал өндөр байдаг. Тиймээс хөрөнгө оруулагчдыг том орд нээхэд хөшүүрэг болох энэ зохицуулалтыг хуульд илүү нарийвчлах шаардлагатай байна.
Лицензийн наймааг цэгцлэх дараагийн алхмыг Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг богиносгож, төлбөрийг нэмэх зохицуулалтаар тусгажээ.
Хайгуул, ашиглалт, гадаад, дотоодын гээд үйл ажиллагааны чиглэл, хөрөнгө оруулалтаас үл хамаарч уул уурхайн компаниудын толгойны өвчин нь орон нутгийн эсэргүүцэл байдаг. Тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагааг эхлэх гэхээр сум, аймгийн иргэдээс эхлээд төрийн байгууллагын удирдлагууд нь эс үйлдэхүй гаргаж, эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулах нь түгээмэл. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох”, “Геологи, хайгуул, уул уурхайн олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаанд хууль бусаар халдах, тоног төхөөрөмжийг эвдэх, тээвэрлэлт, үйлдвэрлэлийг санаатайгаар тасалдуулах, уурхайн гарцыг хаах, цахилгаан, усан хангамжийг зориудаар таслахыг хориглох” заалт оруулжээ. Хэрвээ эдгээр заалтыг зөрчиж их хэмжээний хохирол учруулсан бол иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгохоор Зөрчлийн хуульд ч өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг дагалдуулж боловсруулсан байна.

Орон нутгийн хариуцлага үүгээр дуусахгүй. Нэгэнт хайгуул, олборлолт эхэлсэн бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хяналтыг орон нутаг тавих үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд энэ үүргийн хэрэгжилт хангалтгүй байсны балгаар гурван настай охин амь насаа алдсан харамсалтай хэрэг нийтийг цочроосон. Энэ нь нэг хэсэг шуугиад өнгөрөх асуудал огтоос биш. Нэгэнт л хайгуулыг эрчимжүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахтай зэрэгцэн хариуцлагын тогтолцоог ч чамбайруулах учиртай. Олборлолттой харьцуулахад хайгуулын үеэр маш бага газар хөндөгддөг ч өрөмдсөн цооногийг нөхөхөөс эхлээд тухайлсан стандарт манайд байдаггүй. Уулын ажлын төлөвлөгөөг урт хугацаагаар гаргах, нөхөн сэргээлтийн төсөв санхүүжилтийг урьдаас тооцдоггүй гээд асуудал их.

Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулсан нэг шинэ заалт нь уурхайн хаалт, нөхөн сэргээлт, түүнд тавих хяналт. Хуулийн төслийн 27.1.15,16-д уурхай, баяжуулах үйлдвэрийг нээхээс өмнө нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөөг боловсруулж, 3-5 жил тутам тодотгон, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх тухай тусгасан байна. Мөн уурхай, баяжуулах үйлдвэрийг хаахаас гурваас доошгүй жилийн өмнө төлөвлөгөөний сүүлийн тодотголыг хийх болон уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах хяналт шинжилгээнд шаардагдах хөрөнгийг олон улсад нэр хүндтэй банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн хэрэгслээр баталгаажуулах, эсхүл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд хуульд заасан хуваарийн дагуу төвлөрүүлэхээр тусгажээ.

Энэ мэт хяналт хариуцлагыг сайжруулах заалтууд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан ч илүү нарийвчлах шаардлагатай зохицуулалтууд, дутуу орхигдсон хяналт хариуцлагын асуудлыг анхаарах нь зүйтэй.