
Ромын Пап Францис 2023 оны есдүгээр сард манай улсад анх удаа айлчилсан.
Италийн Ром хот дотор байрлах 0.44 ам километр нутаг бүхий, 1000 орчим хүн амтай “жижигхэн” орны Ерөнхийлөгч хэдий ч тэр бол дэлхий даяар тархсан 1.3 тэрбум католик шашинтны тэргүүн, хүндтэй, том зочин байлаа. Католик шашны 266 дахь пап тэр үед 87 настай байсан тул тэргэнцэр дээр суудаг болжээ. Ийм хүндтэй зочныг хүлээн авахын тулд монголчууд Төрийнхөө ордонд тэргэнцэртэй хүн саадгүй нэвтрэх зам бэлдсэн түүхтэй. Их танхим, ордны хонгил, орох, гарах хэсэгт налуу зам суурилуулав. Бас хэдэн жилийн өмнө бэлдчихээд “түгжчихсэн” байсан тэргэнцэртэй хүн зорчих зориулалттай цахилгаан шатаа ажиллуулжээ. 2025 онд таалал төгссөн эл их хүмүүний хүчээр Монголын төр парламентын ордондоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бага боловч нааштай өөрчлөлт хийсэн гэсэн үг. Өөрөөр бол огт хөдлөхгүй байв.
Үүнээс өмнө эдүгээ УИХ-ын гишүүн болсон Ж.Баясгалан Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр 2020-2021 онд ажиллах хугацаандаа шаардлага тавьж, тэргэнцэртэй иргэн явах боломжтой цахилгаан шат, налуу зам тавиулсан нь анхны өөрчлөлт байсан биз. Гэхдээ тэрээр зөвлөхөөр долоон сар ажиллаад больсон. Үүний дараа өөр ажлаар очиход нь өнөөх шатаа “түгжчихсэн” байсан гэнэ. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд байдал өөрчлөгдсөн үү, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэгш, хүртээмжтэй байдал хангагдсан уу.
Манай улс 2023 онд Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүн сонгохоор болсон билээ. Улмаар 2024 оны сонгуулиар намууд нийгмийн бүх төлөөллийг оролцуулж нэр дэвшүүлнэ хэмээн сурталчилсан юм. Ингээд МАН-аас О.Саранчулуун, АНаас Ж.Баясгалан нарыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгон жагсаалтад эрэмбэлж, гишүүн болгов. Тэднийг нэр дэвшүүлж, сонгогдох нь тодорхой болох үеэс эхлээд УИХ-ын Тамгын газарт Төрийн ордныг хүртээмжтэй болгон өөрчлөх, зохион байгуулах хугацаа байсан гэсэн үг. Угаас 126 гишүүнтэй болж буй учраас багагүй өөрчлөлт, засвар хийсэн. Ингэх зууртаа тэргэнцэртэй гишүүнд зориулж “жим” гаргаж өгчээ. Төрийн ордонд нэвтрээд, өрөө рүүгээ болон чуулганы танхим руу орох, гарах замыг түүнд нийцүүлэн зассан. Ингээд л боллоо. Түүнийг тогтсон, яг л ийм маршрутаар явахад хангалттай хэмээн сэтгэсэн байх нь. Ж.Баясгалан гишүүнд дээш, доош явах, хоолны танхим орохоос эхлээд олон л хэрэгцээ гарч таарна. Гэхдээ тэр эрхийг нь ийнхүү хязгаарлажээ. Тэр бусдын тусламжгүйгээр энэ эрхээ эдлэхгүй гэсэн үг. Чуулганы танхимд тавьж өгсөн зам нь ч стандарт бус, тэргэнцэртэйгээ нэвтрэхэд дугуйных нь цаана хуруу хэртэй зай л үлддэг, тийм давчуу тухай Ж.Баясгалан гишүүн ярьжээ. Хийсэн харагдах гэсэн, аргацаасан энэ “зам”-аас нь болж тэрээр саяхан чуулганы танхимд унасан юм. Туслах нь амжиж гараа толгой дор нь ивсэн тулдаа ирмэг, өнцөг мөргөсөнгүй, ноцтой гэмтэлгүй өнгөрсөн байна.
Ж.Баясгалан гишүүнд үүдэнд нэг суудал заагаад өгчихсөн, өөр байршилд гишүүд бөөгнөрч, инээлдэж, ярилцаж байхад тэр очиж оролцох боломжгүй. Зам байхгүй. Тиймээс өнөөх “суурь”-наасаа л хараад сууж байдаг гэх. Үүнийг тэрээр “Энэ бол ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр шүү дээ” хэмээн тодорхойлсон.
Төсөөлөөд л үз. Та ганцаараа нэг буланд, бусад нь өөр талд бөөгнөрчихсөн инээлдэж байвал ямар сэтгэгдэл төрөх вэ. Ядаж чуулганы танхим дотроо тэргэнцэртэй хүн чөлөөтэй зорчих, хүссэн булан тохойдоо хүрч, гишүүдтэй уулзах, ярилцах, оролцох эрхийг нь хангаж өгөөч. Энэ парламент байгуулагдсанаасаа хойш гурван ч спикер солиод буй. Тэднээс хэн нь ч энэ тухайд санаа тавьсангүй. 2024 онд гишүүн болсон түүнд бүтэн жилийн турш Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы танхимд унших “эрх” байгаагүй юм.
Учир нь тусгай индэр бэлдэж өгсөнгүй. Жилийн өмнө л тэр ийм индэртэй болсон. Мөн түүнийг нэгдсэн чуулганы танхимд хэрхэн унаж, бэртэх шахахыг харсныхаа дараа л УИХ-ын дарга С.Бямбацогт “Энэ замыг өргөтгө” гэж сануулсан аж. Таван удаа УИХ-д сонгогдсон, ард түмний амьдралыг шийдэх хууль, бодлого баталдаг хүн нүдээр харахаас нааш ухаарахгүй, мэдрэхгүй л явсан байх нь. Ж.Баясгалан гишүүн Төрийн ордон дотор өдөр тутамд ажиллахад ямар бэрхшээл учирдгийг биеэр туулж яваа хүн. Тиймээс ч уг ордонд ямар ч стандарт байдаггүйг хэлж байна. Уг нь Монгол Төрийн ордон тэгш хүртээмжийг хангасан, үлгэр жишээ болохуйц газар байх ёстой юм.
Тэгвэл бусад ардчилсан улс орны парламентын ордны нөхцөл байдал ямархуу вэ. Сүүлийн 30 жилд улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гишүүд ч бусдын адил бие даан ажиллах орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж, өөрчилж буй аж. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан шатгүй, налуу орц, том, өргөн хаалга, хонгил, хурлын танхимд тусгай суудал, автомат хаалгыг дэлхийн улс орнууд парламентын ордондоо байрлуулдаг байна. Тухайлбал, Их Британийн парламент буюу Вестминстерийн ордонд энэ бүхэн бий. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж цахилгаан шатанд товчлуурыг брайл үсэг болон дуу авиагаар чиглүүлдэг гэнэ. Шотландын парламентын ордонд ч бүх тэмдэглэгээг брайлаар давхар хийсэн, дуут болон тэргэнцэртэй хүнд зориулсан өргөн зайтай лифт ажиллуулдаг байна. Сонсголын бэрхшээлтэй хүмүүст hearing loop буюу илүү тод, шуугиан багатайгаар сонсгох дуу дамжуулах системтэй. Зарим оронд харааны бэрхшээлтэй улстөрчдөд хөтөч нохойтойгоо ажиллахыг зөвшөөрдөг аж. Тус улсын парламентын гишүүн Марша Шантал де Кордова харааны бэрхшээлтэй бөгөөд түүнд ажлаа хүртээмжтэй хийхэд нь зориулж туслах ажилтнаас гадна баримт бичгүүдийг том фондоор хэвлэж өгөх, дуут заавар зэргээр хангадаг юм байна. Мөн Стив Дарлинг хэмээх гишүүн хөтөч нохойтойгоо ажилдаа явдаг. Энэ мэт хөгжлийн бэрхшээлтэй олон гишүүн, улстөрчдөд тухайн улс орны парламент нь аль болох тэгш ажиллах боломжоор хангах зохицуулалт хийдэг байна. Европын барилга, байшингууд голдуу хуучин учраас өөрчлөхөд асуудал гардаг ч гол нь дүрэм, журмаа хүнд ээлтэй болгох нь чухал гэсэн зарчим баримталдаг байх нь.
Ийнхүү дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, улстөрчдөд бусадтайгаа адил тэгш ажиллах боломжийг бүрдүүлэхийн төлөө өөрчлөгдсөөр байна. Харин манайд нэг өдрийн арга хэмжээнд зориулж “гал унтраах”, түр аргацаах байдлаар хандсаар иржээ. Ж.Баясгалан гишүүнээр жишээ авсан болохоос дээрх асуудал зөвхөн түүний биш, хөгжлийн бэрхшээлтэй 111 мянга гаруй иргэний эрхийг хангах тухай юм. Тэнд өдөр тутамдаа ажиллаж буй тэргэнцэртэй ганц хүн нь Ж.Баясгалан гишүүн байж болох ч олон улсын хурал, арга хэмжээ болоход Төрийн ордонд олон төрлийн л хүн орж, гардаг. Тэдэн дунд хараа, сонсгол, тулгуур эрхтний бэрхшээлтэй гээд олон хүн нэвтэрнэ. Гэтэл ганц өдөр ороод, гарахыг нь аргалчихна гэсэн “хоноцын” сэтгэлгээгээр асуудалд хандсаар удлаа. Ямар сайндаа л Ж.Баясгаланг Ерөнхийлөгчийн зөвлөх байх үед тавьсан тусгай цахилгаан шатаа хаачихсан байх вэ дээ.
Түүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажилласан Ч.Ундрахбаяр хэмээх тэргэнцэртэй залууд ч тэгш хүртээмж олдоогүй. Ганц, хоёр хүнд зориулж төсөв зарцуулж, өөрчлөлт хийчихээд байнга ашиглахгүй гэсэн өнгөц сэтгэлгээгээр манай түшээд, дарга нар асуудалд хандсаар байна. Гэтэл энэ ордныг зөвхөн эрүүл саруул хүмүүс, сайд дарга нарт зориулаагүй. Төрийн ордонд ямар ч иргэн нэвтрэхэд ганцаараа бэрхшээлгүй зорчиж, мэдээллээ авч, санал бодлоо хэлж, оролцдог орчин болгон өөрчлөх ёстой. Бас хийсэн ганц нэг ахиц, өөрчлөлтөө байнгын ажиллагаатай байлгах хэрэгтэй байна. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн институц нь байрладаг, улс орны хамаг л бодлого, хууль тогтоомжийг боловсруулан баталдаг газар, түүнд ажиллаж буй хүмүүс нь өөрсдөө ийм хүний эрхийн мэдрэмжгүй, хатуу, хөлдүү байхад гадаах орчин дахь хүртээмжийн тухай ярих ч илүү биз ээ.
С.Туул