
Хориг арга хэмжээ болон АНУ, Израилийн Ираны эсрэг явуулж буй дайн тус улсын иргэдийг үнийн өсөлтийг давах боломжгүй болгож, риал түүхэн доод ханшдаа хүрлээ.
Ираны риал ам.долларын эсрэг шинэ түүхэн доод түвшинд хүрч, чөлөөт зах зээл дээр 1 ам.доллар 2 сая риал давсан байна. Энэ нь Вашингтон Техраны эдийн засгийг боомилох зорилгоор өнөөг хүртэлх хамгийн хатуу хориг арга хэмжээгээ хэрэгжүүлж эхэлсний үр дүн юм.
Ираны эдийн засаг АНУ болон олон улсын хориг арга хэмжээнд хэдэн арван жилийн турш хүндээр нэрвэгдсээр ирсэн. Ялангуяа тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой хоригууд ихээхэн нөлөөлсөн. Үүний улмаас Ираны риал огцом суларч, инфляцын дарамт иргэдийн амьдралыг улам хүндрүүлэв. 92 орчим сая хүн амтай тус улсын эдийн засгийн хүндрэл хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн АНУ, Израилийн Ираны эсрэг дайны улмаас улам даамжирчээ.
Өдөр тутмын бараа бүтээгдэхүүн одоо ямар үнэтэй болсныг харуулахын тулд Al Jazeera Техраны зах, дэлгүүрүүд дэх хүнс, хувцас, эмийн үнийг судалж, ижил бараа дайнаас өмнө ямар үнэтэй байсантай харьцуулжээ.
Al Jazeera агентлагийн хийсэн Техраны зах, дэлгүүрүүд дэх хүнс, хувцас, эмийн үнийн судалгааИранд өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт зүйлс ямар үнэтэй байна вэ?
Дайнаас өмнө 2 сая риалаар ойролцоогоор 4 кг улаан лооль, хагас кг тахианы мах, мөн 1 литрээс арай хүрэхгүй хэмжээний ургамлын тос худалдаж авах боломжтой байжээ.
Харин өнөөдөр ижил хэмжээний мөнгөөр үүний ойролцоогоор тал хувийг л авах боломжтой болжээ. Улаан лоолийн дундаж үнэ 71 хувь, тахианы махны үнэ 74 хувь, ургамлын тосны үнэ 177 хувь тус тус өсжээ.
Чихрийн шижинтэй хүмүүсийн амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай инсулины үнэ 642 хувиар огцом өссөн бол парацетамол зэрэг зайлшгүй хэрэгцээт эмийн үнэ 93 хувиар, засгийн газраас ихээхэн хэмжээгээр татаас олгодог нярайн сүүний үнэ 95 хувиар нэмэгджээ. Үнэ маш тогтворгүй байгаа аж.
Ираны гэр бүлүүдийн хувьд үнийн өсөлт нь зөвхөн хэр их зүйл худалдаж авах вэ гэдгээс гадна юу идэх вэ гэдгээ өөрчлөхөд хүргэж байна.
Техран хотод нөхрийнхөө хамт амьдардаг, нэг настай хүүхдийн ээж 35 настай Афсанех гэр бүлийнх нь долоо хоногийн хүнсний зардал 20-30 хувиар нэмэгдсэн гэж ярьжээ.
Тэрбээр Al Jazeera-д “Дайнаас өмнө бид гурав, зургаан сарын дараа юу хийхээ бодож чаддаг байсан. Харин одоо бидний цорын ганц санаа зовж буй зүйл бол байгаа орлогоороо сарын эцэст хүрэх явдал болсон” гэжээ.
“Нөхөр бид хоёр хоёулаа ажилладаг, бас нэг настай хүүхэдтэй. Одоо цэцэрлэгийн өдөр тутмын хүүхэд харах үйлчилгээний зардал ойролцоогоор 500 000 томан буюу 5 сая риал ($2.5)-д хүрсэн нь бидний хувьд төлөхөд хүндрэлтэй байна” гэж тэр хэлсэн байна.
Томан гэдэг нь иранчуудын риалыг албан бус нэгжээр нэрлэдэг нэршил бөгөөд 1 томан 10 иран риалтай тэнцэнэ. Тус улсын мөнгөн тэмдэгтийн тоон дүн маш өндөр болсон тул өдөр тутмын хэрэглээнд томан гэдэг нэгжийг өргөн ашигладаг.
Нярайн сүүнд олгодог засгийн газрын татаас нь Афсанехийн гэр бүл шиг айлд тодорхой хэмжээгээр тус болдог. Гэвч хүүхдийн сар бүрийн эрүүл мэндийн үзлэг, хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний зардлыг даатгалд хамруулдаггүй тул нярай хүүхдээ чанартай асран хамгаалахад хүндрэлтэй болжээ.
Афсанехийн хувьд тэдний жижиг гэр бүл одоо амьд үлдэх, хоол хүнс болон бусад зайлшгүй хэрэгцээгээ хангахад л анхаарч байна.
Тэрбээр “Шинэ хувцас авах, автомашинаа шинэчлэх зэрэг олон зүйлийг бид төлөвлөгөөнөөсөө хассан. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжирна гэж би бодохгүй байна” гэжээ.
«Бүх зүйл илүү үнэтэй болсон»
Дайны улмаас учирсан сүйрэл үйлдвэрлэлийг тасалдуулсан бол АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Ираны боомтуудад тавьсан хориг нь импорт, экспортын үйл ажиллагааг улам хүндрүүлжээ.
Риалын ханш унаснаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийн зэрэгцээ хориг арга хэмжээ Ираны олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарласан. Үүний зэрэгцээ цалин хөлс үнийн өсөлтийг гүйцэж чадахгүй байна.
2027 оны гуравдугаар сард дуусах Ираны одоогийн хуанлийн жилийн засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 166 сая риал (82 ам.доллар) байна. Засгийн газрын тусламж, тэтгэмжийг нэмбэл нийт дүн нь 220 сая риалаас (108 ам.доллар) бага аж.
Олон жижиглэн худалдаачид зуны бараа бүтээгдэхүүнээ өртгөөсөө доогуур үнээр борлуулж байгаа бөгөөд намар болоход үнийн шинэ өсөлт жижиглэнгийн дэлгүүрүүдийн үнэд тусгалаа олно.
Орлого, зарлагын зөрүү улам нэмэгдэж байна
Цалингаар амьдардаг хүмүүсийн хувьд инфляц өөр нэг асуудал үүсгэж байна. Өнөөдөр авсан цалингийн худалдан авах чадвар дараагийн цалин буухаас өмнө буурчихдаг байна.
Иргэдийн орлого нь нэмэгдэхийн оронд бүр буурсан тул зардлаа эрс хязгаарлахаас өөр аргагүй болсон байна.
Дайн Ираны эдийн засгийн асуудлуудыг бий болгоогүй ч тэдгээрийг улам хурцатгажээ. Дайны улмаас үүссэн сүйрэл, үйлдвэрлэлийн тасалдал, бүслэлт нь эдийн засагт шинэ дарамт нэмсэн бол ажилгүйдэл болон худалдан авах чадварын зогсонги байдал нь гэр бүлүүдийн эдгээр дарамтыг давах боломжийг бууруулжээ.
Ираны сая сая иргэний хувьд одоо асуудал нь үнэ хэр хэмжээгээр өссөн бэ гэдэгт бус, харин нэг сарын цалингаар тухайн сарын хоол хүнс, орон байр болон зайлшгүй хэрэгцээт зүйлсийнхээ хэр ихийг худалдаж авч чадах вэ гэдэгт шилжээд байна.