
Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол болов
Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр боллоо.
Тахилгад төрийг төлөөлөн оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын даян мэргэн Баасанхүүгийн Ёндонд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Улиастай сумын аварга малчин Шуурайн Бат-Эрдэнийн адуун сүргээс сонгосон бор азаргыг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэлээ.
Отгонтэнгэр хайрхан уулыг Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар төрийн тахилгатай болгож, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онд тахисан.
Ноён оргил нь далайн түвшнээс дээш 4,021 метрт өргөгдсөн хайрхныг монголчууд эртнээс эртнээс нааш “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул буюу Анхны эх газар ” хэмээн нэрлэж, цай, идээний дээжээ өргөж ирсэн юм.
"Эрдэнэс Монгол" нэгдлийг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" болгон өөрчиллөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ.
“Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК-ийг татан буулгалаа.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг татах буулгахаар шийдвэрлэлээ.
ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгаа ажээ.
Мөн тус тогтоолоор “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг “Монголросцветмет” гэж тус тус өөрчиллөө. “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар нэгдлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа сайжирч, чиг үүргийн давхардал арилах, хөрөнгө болон хүний нөөцийн ашиглалт оновчтой болох, төрийн өмчит компанийн засаглал, хяналт, хариуцлага, ил тод байдал бэхжих, Үндэсний баялгийн санд төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг нээлээ
Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн нээлтийн ажиллагаа даваа гарагт болж, нийслэлийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг албан ёсоор ашиглалтад орлоо.
Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр хаягдал усыг 98 хүртэлх хувийн үр ашигтайгаар цэвэрлэх хүчин чадалтай, 55 барилга байгууламжаас бүрдэх бүрэн автомат үйлдвэр юм. Энэхүү байгууламж ашиглалтад орсноор нийслэлийн бохир ус цэвэрлэгээний хүчин чадал нэмэгдэж, Туул гол болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Өрсөлдөх чадвараар сүүл мушгив
Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын чансаанд дахин ухарч, 70 орноос 67 дугаарт эрэмбэлэгдлээ. Ингэснээр манай улс дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар багатай дөрвөн улсын нэгээр нэрлэгдэж байна.
Швейцарийн Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгээс (IMD) дэлхийн улс орнуудыг өрсөлдөх чадвараар нь жил бүр эрэмбэлдэг. Тайланд дурдсанаар өрсөлдөх чадварыг тодорхойлдог эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэг үзүүлэлтэд бүхэлд нь Монгол Улс оноогоо алджээ. Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр өнгөрсөн жилийнхээс дөрвөн байр ухарч 59 дүгээрт эрэмбэлэгдсэн бол засаглалын үр ашиг өмнөх онтой харьцуулахад хоёр байраар ухарч 63 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Туул голд гурван иргэн осолдож, амиа алджээ
Зургаадугаар сарын 16-нд Туул голд гурван иргэн осолдож амиа алдлаа. Сүүлийн таван жилийн хугацаанд усны ослын улмаас 464 хүн нас барсан байдаг. Ихэнх тохиолдол нь Улаанбаатар хот болон Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгуудад бүртгэгддэг усны осолд өртөгсдийг насны бүлгээр авч үзвэл, усанд осолдогсдын 41 хувь нь 36-75 насныхан, 36 хувь нь 18-35 насныхан, 19 хувь нь 6-17 насныхан, дөрвөн хувь нь 0-5 насны хүүхдүүд байна. Иргэд санамсар болгоомжгүй үйлдлээс тухайлбал архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, зориулалтын бус хийлдэг тоглоом, гудас ашиглах, аюултай бүсэд сэлэх зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг ОБЕГ анхаарууллаа. Судалгаагаар усанд осолдсон иргэдийн 40 орчим хувь нь сэлж чаддаг байсан гэсэн тоо бий.