
Бүдүүн шулуун гэдэсний төв эмнэлэг болох Монгол-Солонгосын хамтарсан “Сөүл эмнэлэг”-ийн гүйцэтгэх захирал Н.Оргилтой гурван хүн тутмын нэг нь өртөх болсон бүдүүн шулуун гэдэсний өвчлөлийн талаар ярилцлаа.
Хотжилт, олон цагаар сууж ажиллах амьдралын хэв маягаас үүдэлтэй бидний амьдралд түгээмэл тархах болсон өвчин бол бүдүүн шулуун гэдэсний өвчин. Хэрэгцээгээ дагаад энэ чиглэлээр дагнан оношилж эмчилдэг эмнэлэг хүртэл байгуулагдаж. Бүдүүн шулуун гэдэсний чиглэлээр мэргэшин ажиллаж буй танай эмнэлгийн хувьд ачаалал өндөр байдаг уу?
Хориод жилийн өмнө Сөүл Сонгдо эмнэлгийн Үүсгэн байгуулагч Ли эмч Монголд ирж Улаанбаатар Сонгдо эмнэлгийг байгуулахдаа өөрийн гарын шавь нараа буюу бүдүүн шулуун гэдэсний нарийн мэргэшсэн эмч нар Монголд бэлтгэж эхэлсэний нэг нь би юм. Одоо 18 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. Ли багш маань Улаанбаатар Сонгдо эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлж, Б.Болдсайхан эмчид шилжүүлээд өөрөө бүдүүн шулуун гэдэсний төв эмнэлгийг 2014 онд үүсгэн байгуулсан нь өнөөдрийн Сөүл эмнэлэг юм. Эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, өвчлөлийн өндөр тоо зэргийг харгалзан үзэж бүдүүн шулуун гэдэсний оношилгоо, эмчилгээг боломжийн үнээр, олон улсын түвшний багаж тоног төхөөрөмж, мэргэшсэн эмч нарын багтайгаар үзүүлж эхэлсэн нь энэ чиглэлийн тусламж үйлчилгээний эрэлт өндөртэй манай улсад цагаа олсон зүйл болсон. Арваад жил амжилттай үйл ажиллагаа явуулсан эмнэлэг нь алзахгүй болсон гэж үзсэн учраас өөрийн анхны шавь болох надад саяхан эмнэлгээ шилжүүлэн өгч одоо Сөүл дэх Сөүл Сонгдо эмнэлгээсээ зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бид жилд зөвхөн бүдүүн шулуун гэдэсний 2000 орчим хагалгаа хийж байна.

Монголчуудын дур мэдэн эмчилдэг өвчнүүдийн нэг нь бүдүүн шулуун гэдэсний өвчин. Байдал дээрдэж байгаа юу?
Нэг үеэ бодоход энэ бол нийтлэг өвчин гэдгээ ойлгоод шинж тэмдэг илрэнгүүт эрт эмчид ханддаг хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа. Эмийн эмчилгээгээр эрт үед нь эмчлүүлэх нь эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч тустай. Заавал хүндэрсэн хойно нь ирж хагалгаа хийлгээд байх шаардлагагүй. Гэхдээ л хагалгааны заалттай өвчтөнүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр л байна. Бие зассаны дараа цус гарч байгаа л бол фэйсбүүк ухаж, элдэв лаа, тос хайхын оронд 50 мянган төгрөгөөр ирээд шинжилгээ хийлгэчихээрэй л гэж хэлмээр байна. Хүн бүрийн бие, өвчлөл, учир шалтгаан, эмчилгээ өөр учраас дур мэдэн лаа, тос хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Дур мэдэн өөрийгөө эмчилдэг байдал л манай салбарын эмч мэргэжилтнүүдийн санааг их зовоож байна.
Эмнэлэгт очихоор өндөр үнэтэй, заавал дурангийн оношилгоо хийлгэх хэрэгтэй болно гэх мэтээр эдийн засгийн хувьд төвөгшөөгөөд тос, лаагаар аргалаад явах нь элбэг. Хэр өндөр өртөгтэй эдгэдэг өвчин бэ?
Эрт үед нь 50 мянгаар оношлуулаад 100 мянга дотор эм, тос аваад эмчлүүлэх сонголт бий. Удаагаад, хүндрүүлээд явснаас болж 2 сая болон түүнээс дээш үнэтэйгээр хагалгаанд орох сонголт бий. Гол нь монголчуудын хоол боловсруулах чиглэлийн хэв маяг, дадал зуршил зөв явж ирээгүй учраас 40 нэмэх насныхныг жилд ходоод, бүдүүн гэдсээ заавал нэг дурандуулчихаасай гэж хүсдэг. Урьдчилан сэргийлээгүйгээс хавдрын эрсдэл нэмэгдсээр байна.
Мэргэжлээс шалтгаалах өвчнүүдийн тоонд бүдүүн шулуун гэдэсний өвчлөл хамаарна. Аль салбарынхан илүү өртөмтгий байна вэ?
Удаан цагаар сууж ажилладаг уул уурхай, банк санхүү, такси үйлчилгээний салбарынхны өвчлөл өндөр байгаа. Байгууллагууд ажилтнуудаа багцын шинжилгээнд хамруулдаг ч бүдүүн гэдэсний дуран хийлгэх нь төдийлөн түгээмэл бус байна. Тиймээс эрсдэл өндөртэй салбарынхан жилдээ нэг бүдүүн гэдэсний дуран оношилгоо хийлгэх нь чухал байна. Нөгөө талаар байгууллагууд ажилтнуудынхаа бие засах орчин нөхцлийг бүрэн бүрдүүлж, хоолонд нь ислэг ихтэй бүтээгдэхүүнээр үйлчлэх хэрэгтэйг сануулмаар байна. Энгийн мэт энэ дадлууд олон хүний эрүүл мэнд, эдийн засагт эерэг нөлөөтэй.
Цаашдаа бүдүүн шулуун гэдэсний оношилгоо, эмчилгээний чиглэлд хийхээр зорьж буй ажлуудаас тань сонирхмоор байна?
Сөүл дэх Сөүл Сонгдо эмнэлэгтэй нягт хамтран ажиллаж, эмч мэргэжилтнүүдээ олон улсын түвшинд бэлтгэн сургаж, харилцагчдынхаа хагалгаанд орох тоог цөөлж, эрт үед нь оношилж эмчлэх үзүүлэлтээ өндөрсгөхөөр зорьж байна. Мөн ойрын ирээдүйд бид хавдрын эсрэг дархлааны үүдэл эсээр эмчилгээ хийх чиглэлээр бодит үр дүн авчирсан ажлуудыг хийж хэрэгжүүлэх болно.
Баг бүрэлдэхүүний хувьд хэр чадварлаг нөөц бүрдүүлсэн бэ?
Бүдүүн шулуун гэдэсний оношилгоо, эмчилгээгээр мэргэшсэн 7-18 жилийн туршлагатай эмч нар, 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр манай эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Хоол боловсруулах замын өвчлөлөө манай хамт олонд бүрэн итгэлтэйгээр даатгаж болно.
