Истанбул хотноо болж буй зэвсэг техникийн "IDEF 2025"  үзэсгэлэнгийн үеэр Туркт бүтээсэн байлдааны шинэ төрлийн системийг танилцуулжээ. “ALKA-KAPLAN” хэмээн нэрлэсэн уг систем нь нисгэгчгүй онгоц эсэргүүцэх лазер зэвсгээр тоноглогдсон дэлхийн анхны гибрид танк юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, уг танк нь бодит нөхцөл байдалд ашиглахад үр дүнтэй тул цаашид цувралаар үйлдвэрлэх, гадаадын зах зээлд экспортлох боломжийг нээж байна.

Сургуулилалтын үеэр ALKA-KAPLAN систем нь арилжааны зориулалттай квадрокоптер, байлдааны хошуутай дрон, радараар илрүүлэх магадлал бага  жижиг хэмжээтэй нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг олон төрлийн нисгэгчгүй онгоцуудыг илрүүлэн устгажээ. Тус танкийг бүтээхдээ радио электрон саадын нөхцөлд хэрхэн ажиллахад онцгойлон анхаарсан бөгөөд GPS ашиглахгүйгээр байг онож устгасан нь өнөөгийн зэвсэгт мөргөлдөөнд туйлын чухал үр нөлөөтэй юм. 

 Танкийг бүтээсэн "Рокэтсан" компанийн төлөөлөгч "ALKA-KAPLAN бол зүгээр нэг концепц биш ээ. Энэ бол тулааны талбар дахь хүчний харьцааг өөрчлөхөд чухал үүрэгтэй, бэв бэлэн шийдэл" хэмээн мэдэгджээ.