
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс Капитал болон Чингис хаан банканд 2016 онд байршуулж, эрсдэлд орсон мөнгөнөөс нийт 82.4 тэрбум төгрөгийг барагдуулжээ. Үүнээс 2026 онд 15.8 тэрбум төгрөгийг төлүүлсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Капитал банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс анх 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулах үлдэгдэлтэй байсан бол үүнээс 53.2 тэрбум төгрөгийг барагдуулжээ. Барагдуулсан өрийн 21.6 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 31.6 тэрбум төгрөгийг хөрөнгөөр төлүүлсэн байна. Ингэснээр 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар тус банкнаас авах өрийн үлдэгдэл 51 тэрбум төгрөг болжээ.
Харин Чингис хаан банкнаас авах өрийн анхны үлдэгдэл 103.5 тэрбум төгрөг байснаас 29.1 тэрбум төгрөгийг барагдуулсан байна. Үүнээс 17 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 12.1 тэрбум төгрөгийг хөрөнгөөр барагдуулжээ. Одоогоор тус банкнаас авах өрийн үлдэгдэл 74.4 тэрбум төгрөг байна.
Ийнхүү хоёр банкнаас авах нийт 207.7 тэрбум төгрөгийн өрөөс 82.4 тэрбум төгрөгийг барагдуулж, 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар 125.4 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Нийт барагдуулсан өрийн 38.6 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 43.7 тэрбум төгрөгийг хөрөнгөөр төлүүлжээ.
Нийгмийн даатгалын байгууллагаас эрсдэлд орсон сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлж, хууль, хяналтын болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байгааг мэдээлэв.