
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Батлан хамгаалахын сайд Михайло Федоровыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, нийслэл Киев хотноо жагсаал өрнөж эхэллээ. Иргэд болон цэргийн хүчний зарим төлөөлөгчид сайдыг буцаан томилохыг шаардан төв талбайдаа цуглаад байна.
Батлан хамгаалахын сайдын албан тушаалд ердөө зургаан сар ажилласан ч Украины зэвсэгт хүчнийг шинэчлэх, дрон технологийн хөгжлийг хурдасгах чиглэлээр өндөр үр бүтээлтэй ажилласан М.Федоровыг чөлөөлсөн нь олон нийтийг гайхшруулав. Федоров болон Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сирский нарын хоорондын стратеги, арга барилын зөрчил дээд цэгтээ хүрсэн нь уг шийдвэрийг гаргах гол шалтгаан болсон гэдгийг Ерөнхийлөгч Зеленский өөрөө хүлээн зөвшөөрсөн. Шийдвэр гарсны дараа Киевийн төвд олон мянган хүн цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд агаарын цэргийн хүчний өндөр албан тушаалтан Федоровыг чөлөөлснийг эсэргүүцэж албаа хүлээлгэн өгчээ.
Түүнийг батлан хамгаалахын салбарын авлигатай тэмцэж, худалдан авах ажиллагааг ил тод болгохыг оролдсон нь хуучинсаг тогтолцоо болон ашиг сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан гэж ажиглагчид үзэж байна.
“Дайтаж байгаа улс оронд Батлан хамгаалах яам болон Ерөнхий штаб хоорондоо тэмцэлдэхийг би зөвшөөрөхгүй. Тэд нэг ширээний ард сууж, ойлголцож чадахгүй байсан тул ийм шийдвэр гаргалаа" хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлажээ. Мөн жагсагчдын шаардлагыг хүлээн авч М.Федоровыг өөрийн багт үлдээн цаашид өөр чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдсэн. Гэвч Федоров Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах саналыг хүлээж авахаас татгалзсан байна.
Батлан хамгаалахын дараагийн сайдад Дотоод хэргийн сайд Игор Клименко эсвэл Аюулгүй байдлын албаны дарга асан Евгений Хмара нарын нэр яригдаж байгаа бөгөөд парламентын зүгээс хэнийг дэмжих нь одоогоор тодорхойгүй байна.