
Японы төрийн далбааг тээгч агаарын тээврийн компани болох Japan Airlines (JAL) нь 5 дугаар сараас эхлэн Токио хотын Ханеда нисэх буудлын үйлчилгээний ажилд хүн дүрст роботууд ашиглаж эхлэхээр болсноо мэдэгдлээ. Энэхүү олон жилийн турш үргэлжлэх туршилтын зорилго нь ажиллах хүчний хомсдлыг нөхөх, ажилтнуудын ачааллыг бууруулахад чиглэж байна.
Тус компани даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ уг төслийг JAL-ийн охин компани удирдаж, хиймэл оюун ухаан болон роботын нийгэмд нэвтрэлтийг дэмжигч GMO AI & Robotics компанитай хамтран хэрэгжүүлнэ гэв.
Хоёр жилийн хугацаатай туршилтын эхний үе шатанд ачаа тээврийн ажилд төвлөрөх бөгөөд үүнд контейнер ачих, буулгах зэрэг ажил багтана. Цаашид онгоцны бүхээг цэвэрлэх, нисэх онгоц орчимд ашиглагддаг газрын туслах төхөөрөмжүүдийг ажиллуулах зэрэгт ашиглах боломжтой.
Энэхүү туршилт нь Японы агаарын тээврийн салбарт гадаадын жуулчдын тоо нэмэгдэж буйтай зэрэгцэн хөдөлмөрийн насны хүн ам буурч байгаагаас үүдэлтэй ажиллах хүчний дарамт нэмэгдэж буй үед зарлагдсан байна. Japan Airlines компанийн мэдээлснээр одоогоор 4000 орчим газар үйлчилгээний ажилтантай.
Даваа гарагт зохион байгуулсан хэвлэлийн үзүүлэнгийн үеэр БНХАУ-д үйлдвэрлэсэн роботуудыг онгоцны ойролцоо ажиллуулж үзүүлсэн бөгөөд Ханжөү хотод төвтэй Unitree компанийн үйлдвэрлэсэн, 130 см өндөртэй робот ачааг конвейр лүү түлхэж, гар даллаж харуулжээ.
JAL болон хамтрагчид хүн дүрст робот сонгосон шалтгаанаа “нисэх буудлын одоогийн байгууламж, онгоцны бүтэцтэй томоохон өөрчлөлт хийхгүйгээр нийцэж ажиллах боломжтой” гэж тайлбарласан юм. Тэдний хэлснээр суурин автомат системүүд болон нэг зориулалтын роботууд нь одоогийн дэд бүтэц, нарийн төвөгтэй ажлын урсгалд уян хатан дасан зохицоход хүндрэлтэй байдаг аж.
2026 оны 5 дугаар сард эхлэх үе шаттай туршилтаар эхлээд роботыг нисэх буудлын орчинд аюулгүй ажиллуулах боломжийг үнэлнэ. Дараа нь бодит нөхцөлтэй адил давтамжтай ажиллагааны туршилтууд хийгдэх юм.
Цаашдын төлөвлөгөөнд роботуудыг бүрэн бие даан ажиллуулах, гүйцэтгэх ажлын хүрээг өргөжүүлэх зорилт багтжээ.
JAL Ground Service-ийн ерөнхийлөгч Ёшитэрү Сузуки роботыг биеийн хүч шаардсан ажилд ашиглах нь “ажилчдын ачааллыг бууруулж, тэдэнд томоохон үр өгөөж авчирна” гэж Kyodo News агентлагт ярьжээ.
Тэрээр аюулгүй байдлын менежмент зэрэг зарим үүрэг хүний хяналтад хэвээр үлдэнэ гэдгийг онцолсон байна. Одоогоор Японы зарим нисэх буудалд аюулгүй байдлын эргүүл, жижиглэнгийн үйлчилгээ зэрэгт роботуудыг ашиглаж эхэлжээ.
Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагаас Japan National Tourism мэдээлснээр 2026 оны эхний хоёр сард Японд 7 сая гаруй жуулчин ирсэн бол өнгөрсөн онд нийт 42.7 сая жуулчин хүлээн авч дээд амжилт тогтоосон байна.