Дэлхийн хамгийн баян хүн, ирээдүйд анхны их наяд ам.долларын хөрөнгөтөн болно гэж таамагладаг Илон Маск улс төрийн ажлаа орхих болсноо албан ёсоор мэдэгдлээ. SpaceX, Tesla зэрэг сансрын судалгаа, цахилгаан автомашины зах зээл дээр тэргүүлэх брэндүүдийг эзэмшдэг технологийн салбарын чинээлэг эрхэм АНУ-ын Засгийн газрыг үр өгөөжтэй ажиллуулах хэлтэст төрийн тусгай алба хаагчаар ажиллаж байсан юм.

Өнгөрсөн онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Маск Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Доналд Трампын сонгуулийн кампанит ажилд тусалж эхэлсэн. Ингэснээр Трамп болон Маск нарын харилцаа илүү ойртож дотноссон юм. Маск Трампын Ерөнхийлөгчийн сонгуульд ойролцоогоор 300 сая ам.доллар зарцуулсан. Трамп нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Илон Маскыг Америкийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллуулж эхэлсэн юм. Үүнээс хойш дөрвөн сар гаруй буюу 130 хоногийн дараа Маск улс төрийн аяллаа өндөрлүүлэх болсноо зарлалаа.

Маск өөрийн эзэмшдэг Х цахим сүлжээнд “Төрийн тусгай алба хаагчийн ажлаа дуусгах цаг нь олжээ. Үр шимгүй төсвийн зардлыг бууруулах боломж олгосон Ерөнхийлөгч Дональд Трампад баярлалаа” гэжээ. Цагаан ордон ч энэ мэдээллийг үнэн гэдгийг баталсан байна.

Маскын хариуцаж байсан ажил нь Америкийн Засгийн газар, төрийн байгууллагуудын үргүй зардлыг бууруулах, хэдэн мянган ажлын байрыг танах байсан. Тэрээр Америкийн холбооны сангийн төсвөөс багадаа нэг их наяд ам.долларыг танаж чадна гэдэг амлалт өгч байжээ. Засгийн газрыг үр өгөөжтэй ажиллуулах хэлтэс буюу DOGE-ын албан ёсны сүлжээнд бичсэнээр өнгөрсөн хугацаанд АНУ-ын төсөв 175 тэрбум ам.долларыг хэмнэж, хадгаламжийн сан бүрдүүлжээ. Энэ татвар төлөгч бүрээс мянга орчим ам.долларын хуримтлуулсан гэсэн үг юм.

Өнгөрсөн долоо хоногт Илон Маск Трампын агуу, сайн төсөв гэж нэрлэсэн 1000 хуудас бүхий төсвийн саналд сэтгэл зовниж буйгаа олон нийтийн өмнө илэрхийлсэн. Тэрээр ийм их хэмжээний төсвийн зарцуулалт харсандаа сэтгэл дундуур байна гэжээ. Уг нь төсвийн зарцуулалт буурах ёстой байтал өсчихсөн байгаа нь DOGE-ын багийн ажлыг үнэгүйдүүлж байна гэдгийг Маск хэлжээ.

Трампын танилцуулсан төсөвт Мексик, Америкийн хил дээр хана барих, Цагаачлал, Хил гаалийн төсвийг нэмэх зэрэг шийдвэрүүд багтсан байна. Төсвийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дэмжсэн. Одоо Сенатад дэмжих дутуу байна. Хэрвээ энэ төсөл батлагдвал Маскын төсвийн зарцуулалтыг бууруулах ажил ямар ч үр дүнгүй болно.

Макс Трампыг Ерөнхийлөгч болсны дараа Засгийн газарт ажилласнаар Tesla-ын цахилгаан автомашины борлуулалт, ашиг орлого илт буурсан. Tesla-ын борлуулалт энэ оны эхний улирлын байдлаар 13 хувиар багассан байна. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт юм. Tesla дэлхийн зах зээл дээр цахилгаан машины борлуулалтаараа Хятадын BYD компанийн ард орсон билээ.