
Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хангамж, бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой элдэв хэлэлцүүлэг сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд өрнөж байна. Энэ нь Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын өгсөн мэдээлэл холбоотой.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
Нэг улсын эмнэлэгт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас шалгалт оруулсан юм. Гэтэл дүн нь үнэхээр аймшигтай гарсан. Орон тоо нь батлагдсан хэмжээнээсээ 100-гаад хүнээр илүү байсан. Манай эмнэлгүүдийн нийт ажилчдын 40 хувь нь эмч, сувилагч, 60 хувь нь захиргааны ажилчид байна. Олон улсын жишгээр бол 60 хувь нь эмч сувилагч байх ёстой. Захиргааны ажилчид нь 20, техникийн ажилчид 20 хувь байх ёстой. Эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүждэг. Гүйцэтгэл хийж, хамаг ачааг нуруундаа үүрч яваа хүмүүс бол эмч, сувилагч нар. Гэтэл тэд өөрсдөөсөө гадна 60 хувийнхаа ачааг үүрээд байна. Үнэхээр хүн үзээд, ажиллаж байгаа эмч, сувилагч нарыг KPI буюу бонус өгч үнэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт ур чадварын үнэлэмж байх ёстой гэж бодож байгаа.
Бүтээмж, ур чадвартай уялуулж цалин, хөлс олгох учиртай талаар салбарын сайд мэдээлэхдээ “Ghost doctors” буюу “сүнс эмч” нар их байгааг давхар өгүүлэв. Цаг бүртгүүлж, цалин авдаг ч ажлын бүтээмж, гүйцэтгэл нь хангалтгүй энэ төрлийн ажилчдын асуудлыг анхаарах учиртайг онцолсон юм. Ийн мэдээлмэгц иргэд, олон нийтийн зарим хэсэг нь эмч, ажилчдын хүнд суртал, ажилдаа цалгардуу, цааргалангүй ханддаг талаар шүүмжилж, эрүүл мэндийн салбарынхан эмч нар цаг наргүй ажилладаг тухай мэдээлж эхлэв.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт эмч, эрүүл мэндийн ажилчдын үйл ажиллагаанаас шууд хамаарна. Цаашлаад амьд явах тэргүүтэй суурь эрхүүд ч энэ салбартай уялдаж хөндөгдөнө. Тиймээс бүтэц, үйл ажиллагаа, гүйцэтгэл зэргийг тусгайлан хэлэлцэх нь тустай.
Ачаалал: Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ойролцоогоор 68 мянган хүн ажилладаг. Тэдгээрийн 40 хувийг эмч, сувилагч бүрдүүлдэг гэдгийг салбарын сайд мэдээлэв. Эмч, сувилагч нарын ажиллах нөхцөл, гүйцэтгэл ямар байдал талаар ХЭҮК судалсан байна. Ингэхэд, ажилтнууд ажиллавал зохих хугацаанаас 23.8 хувиар илүү хугацаагаар ажиллаж байгаа нь тогтоогдсон байна. Гэхдээ ажлын ачаалал нь тусламж, үйлчилгээний шатлал, байршил, үйл ажиллагааны чиглэл, мэргэжил зэргээрээ ялгаатай байдаг аж. Гэвч манайд энэ байдалд нийцүүлэх бодитоор үнэлэх, цалин хөлсийг нь уялуулах тогтолцоо алга. Тиймээс гүйцэтгэлд уялуулан үнэлэх, хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэн тогтоох нь зүйтэй гэж судалгаанд дурджээ.
Мөн комиссын хийсэн судалгаанд эмч, эрүүл мэндийн ажилтнуудын 51.4 хувь нь ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр нэмэлт болон хавсран гүйцэтгэх ажил хийдэг нь тогтоогдсон байна. Ялангуяа эмч, сувилагч нар өдөрт дунджаар 10-12 цаг ажиллаж, ажлын байрны тодорхойлолтоос давсан нэмэлт ажил хийж байгаа нь ядаргаа, ажлын стресст өртөх, ёс зүйн зөрчил үүсгэх, ажлаас халшрах шалтгаан болж буй.
Цалин: Эрүүл мэндийн салбарын нийт ажиллах хүчний 82.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаагийн 33 хувь нь 30-39 насных. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн доод хэмжээ дараах байдалтай байгаа юм.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mnТөрийн үйлчилгээний албан хаагчдын талаас илүү хувь нь өдөр тутмын хооллох, хувцаслах хэрэгцээнээс илүү гарч чадахгүй, эдийн засгийн агуулгаараа ядуурлын нөхцөл байдалд байна гэж ХЭҮК дүгнэсэн байдаг. Энэ жишиг эрүүл мэндийн салбарт ч ажиглагдаж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд салбарын ажилчдын цалин тодорхой хэмжээнд өссөн ч бодит цалин буюу худалдан авах чадвартай уялдах дүн дорвитой нэмэгдээгүй. Түүнчлэн цалинг гүйцэтгэл, ур чадвартай уялдуулдаггүй, нэгдсэн байдлаар олгодог, илүү цагийн нэмэгдэл байдаггүй зэрэг нь энэ салбарт ажиллаж буй олон хүний эрх зөрчигдөхөд гол нөлөө үзүүлж байгаа юм.
Бүтэц: Нийт ажилчдын 60 хувь нь захиргааны ажилтан, 40 хувь нь эмч, сувилагч байгааг Эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Олон улсын жишгээр бол 60/20/20 гэсэн харьцаатай байдаг бөгөөд 60 хувийг нь эмч, сувилагч бүрдүүлэх ёстой аж. Хүний нөөцийн уялдаагүй уг байдал манай улсын эрүүл мэндийн салбарт үүрлэсэн хамгийн том бэрхшээл. Үүнийг ХЭҮК-иос гаргасан илтгэлд ч тодорхой өгүүлжээ.
Хүний нөөцийн тэгш бус хуваарилалт, ажилтнуудын ачаалал, байгууллагуудын уялдаа холбоо сул зэрэг нь эрүүл мэндийн тогтолцооны нэг гажуудал юм. Хүний нөөцийн тэгш бус хуваарилалтын улмаас үүссэн эмчийн дутагдал, ажлын ачаалал, цалин, орлоготой холбоотой асуудлын гол шалтгааныг санхүүжилт гэсэн зөвхөн нэг өнцгөөс харах нь учир дутагдалтай. Нөгөө талаас зардлаа хяналтгүй тэлсний улмаас орлого хүрэлцэхгүй болж хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учрах тохиолдол гарч байгааг анхаарах нь зүйтэй.
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл
Үнэн хэрэгтээ, эмнэлгийн ажилчид ажил хийдэг эсвэл хийдүүлдэг гэж хэрэлдэж, хэлэлцэх нь асуудлыг цөм биш. Энэ салбарт гүйцэтгэл, ур чадварыг үнэлэх, илүү цагийг тооцох хэрэгцээ, шаардлага зайлшгүй бий.