
Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд урих, бодитойгоор дэмжих, гомдол санал үүсгэхгүй байх, эрх ашгийг нь хамгаалах, үр ашигтай ажиллах нөхцөл боломжоор хангах асуудлыг хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд нь үүрэг авч ажиллахаар боллоо.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг хариуцсан агентлаг хөрөнгө оруулагчдын асуудлыг шүүхийн шатанд очихоос нь өмнө шийдэх мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.
Гадаадын хөрөнгө оруулагч сэргээгдэх эрчим хүч, дата төв зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд гаалийн татвараас чөлөөлөгдөнө. НӨАТ-ыг төсөл хэрэгжиж дууссаны дараа төлөх боломжтой. 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээ олгоно. Ингэснээр татварын таатай нөхцөл эдэлнэ гэсэн үг" гэлээ.