
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 669 дэх дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.
Нэг. Олдвол өлдөхийн зовлон
Засгийн газар нь тогтвортой ажиллаж бодлогоо хэрэгжүүлдэг болгохын төлөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнээс өмнө Засгийн газрын дундаж нас 1.3 жил байлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ хугацаа уртасна гэж тооцсон. Гэвч энэ зорилт биелэлээ олсонгүй. Засгийн газар бүр нэг жил ч хүрэхгүй хугацааны дараа огцордог болов. Зөвхөн Засгийн газар ч бус УИХ-ын үйл ажиллагаа тогтворгүй боллоо. Намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдож, шинээр сонгогдсон УИХын дарга нь намын гишүүчлэлээсээ татгалзаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж амласан ч төр тогтвортой байх баталгаа алга. МАН-ын бүлэгт эрх мэдэл, албан тушаалаар өлссөн, сайдаар ажиллаж үзээгүй 32 гишүүн бий. Мөн 42 гишүүнтэй, нэг зүгт харвал хүчирхэг байж чадах сөрөг хүчин, Засгийн газраас жийгдсэн дөрвөн гишүүнтэй ИЗНН эрх баригчдыг амар тайван ажиллуулахгүй.
Тэр цагт дөрөвдүгээр ээлжийнхэн хоолондоо орохыг үгүйсгэхгүй. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн Засгийн газар (М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргалын Засгийн газар 1996- 2000) ажилласан гашуун туршлага бидэнд бий.
С.Шийлэгтөмөр "МАН-ын гуравдугаар ээлж" нийтлэлээс
Хоёр.Ахиц ба анхаарах өнцөг
Ноолуур бол малчдын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг гол түүхий эд. Тиймээс энэ бүтээгдэхүүний ханш малчин түмний амьдрал, амьжиргаатай шууд холбогдоно. Тиймээс угаасан ноолуурыг гадагш гаргахыг хориглож, дотоодын үйлдвэрт самнасны дараа экспортолдог болох нь малчдын гар дээрх түүхий эдийн үнэ савлахад нөлөөлнө гэх таамгаас эрх баригчид сэрэмжилж, сэргийлж ирсэн. Учир нь ноолуурын экспортыг хориглох нь олон эрсдэлтэй. Зах зээлийг хумьж, өрсөлдөөнийг хязгаарласнаар ноолуурын ханш унаж, малчдын орлого тасалдахыг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн малчдын гар дээрх бүх ноолуурыг дотооддоо бүрэн самнах, ээрэх хүчин чадал бололцоо манай улсад байгаа эсэх нь нэн чухал. Энэ хэмжээний техник, тоног төхөөрөмж, хүний нөөц байхгүй бол түүхий эд гацах, хаягдах ч магадлалтай.
Үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, үйл ажиллагааг нь төр дэмжиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ манай улсад төрийн зээл, тусламж, дэмжлэг зорилтот хэсэгтээ хүрдэггүй гачлан бий.
О.Даваасүрэн "Цагаан алт ба цагийн хувьсал" нийтлэлээс
Гурав. Яагаад увайгүй гишүүд олшров
Эрх мэдэл, мөнгө салшгүй холбоотой. УИХын гишүүний бүрэн эрх тэдний дотроо хэн байсан мөн чанарыг илчилсэн гэхэд болно. Яаж ч танхайрч, хууль, тангаргаа уландаа гишгэсэн хэн ч надад хариуцлага тооцохгүй гэдэг “дархлагдсан ойлголт” тэдэнд бий болчихож. Ийм парламент бүрдүүлж, дотор хүнийг нь илчлэх боломжийг өмнөх УИХ бий болгоод өгсөн юм байна. Г.Занданшатар УИХ-ын дарга, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх үеийн парламент бүрэн эрхийнхээ төгсгөлд буюу 2024 оны тавдугаар сард өөрсдийгөө хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хуульд оруулж баталжээ. Энэ бол УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь заалт. Үүнд “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” хэмээн тусгажээ. Зөрчлийн тухай хуулиар 2300 төрлийн зөрчилд хариуцлага тооцдог. Гэтэл УИХ-ын гишүүд энэ төрлийн бүх хэргээс өөрсдийгөө чөлөөлчихөж.
С. Туул " Гишүүний ёс зүйгээс хамааралтай парламентын дархлаа" нийтлэлээс
Дөрөв. Ямар ч сангийн мөнгөнд хүрэхийг дэмжихгүй
Төр хамгийн муу менежер, Монголын төр маш муу менежер гэдгээ олон жишээгээр харуулсан. Тиймдээ ч Баялгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулагч нь төр, төрийн ямар нэг оролцоотой газар болох учраас л учир мэдэх хүмүүс эсэргүүцдэг хэрэг. Тэрнээс улстөржсөн хувь нь хамаагүй бага. Нэгэн жишээ. 2026 оны улсын төсвийн зарлага 32.9 их наяд төгрөг. Харин ТӨХК-иуд улсын нийт өрийн бараг 24 хувийг эзэлж байгаа юм. ТӨХК-иудын нийт өрийн 64% буюу 7.2 их наяд нь богино хугацааны өр буюу нэг жилийн дотор төлөх ёстой өр байна. Тэрхүү богино хугацааны өр төлбөр болох 7.2 их наядын 3 их наяд төгрөг нь урьдчилж авсан орлого бол 0.2 их наяд нь үнэт цаасны өр төлбөр.
Санаачилсан бүхнээ л хуульчилна гэж “хамгаалдаг” болж. Үнэндээ хуульдаа хэрхэн заасан нь тухайн хууль батлагдаж буй хугацааны л зүйл болохоос хөдлөшгүй баримт биш билээ. Засаглал тогтворгүй манай улсын хувьд бүх зүйл дагаад тогтворгүй байдаг нь харин баримт. Эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдал сайжрахад нөлөөлж буй үлдсэн ганц сангаа хадгалаад, ирээдүйдээ хөрөнгө оруулья л даа, гуйж байна.
Л.Эрдэнэжаргал "Хүн өнөөдрийн биш маргаашийнхаа төлөө амьдардаг" нийтлэлээс
Тав. Шилжин ирэгсдийн эрсдэл
Нутгаасаа Улаанбаатар хотыг зорих иргэд цөм амьдралын чанараа сайжруулж, ахуй нөхцөлөө тордох хүсэлтэй ирдэг. Гэвч энд ирээд бүх зүйл санасан шиг байдаггүй бөгөөд бүр дордох тохиолдол ч элбэг. Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирсэн нийт өрхийн 40.5 хувь нь гэр хороололд, 34.9 хувь нь түрээсийн байранд, 21.7 хувь нь өөрийн орон сууцанд амьдарч байна. Боловсролын хувьд хүүхдүүдийн 96 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг ч шилжин ирсний дараа сургалтын чанарт нь дорвитой өөрчлөлт гардаггүй аж.
Шилжин ирэгсдийн хөдөлмөрийн нөхцөл ч хүнд. Олонх нь нийслэлийн харьяалалд бүртгүүлээгүй, зохих мэргэжил, ур чадвар, туршлагагүйн улмаас албан бус хөдөлмөр эрхэлдэг байна. Улаанбаатар хотын төвлөрөл бол газар нутгийн хомсдолын асуудал биш, харин бодлогын хомсдолын илрэл юм. Дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хотыг бус 1.56 сая км² талбайг бүхэлд нь таатай амьдарч, тавтай хөгжих боломжтой нутаг болгож хөгжүүлсэн цагт хотжилттой холбоотой чийртэй асуудлууд чигжсэн хүн амтайгаа хамт сийрнэ.
О.Даваа "Бодлогын хомсдол" нийтлэлээс
Зургаа. Хэвийн үйл ажиллагаанд шилжих боломж
Монголбанк, “Эрнст энд Янг” олон улсын аудитын компаниас Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдлыг үнэлэн дахин нэг их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх шаардлагатай гэжээ. Учир нь “Хөтөл” тэргүүтэй төрийн өмчит компаниудын авсан зээл, төрөөс тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой гаргасан баталгаа, бусад үнэт цаас зэрэг хөрөнгө оруулалтууд компанийн эрсдэлийг нэмэгдүүлж, чанаргүй зээлийг 1.8 их наядад хүргэхээр байгаа нь Хөгжлийн банк татан буугдах нөхцөлд хүргэх эрсдэлтэй. Иймээс ч Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, санхүүгийн зохистой харьцааны биелэлтийг хангахад нэг их наяд төгрөг шаардлагатай гэж тооцжээ.
Хөгжлийн банкийг хэвийн үйл ажиллагаатай болгоход шаардлагатай дээрх арга хэмжээг хурдан авч хэрэгжүүлэхгүй бол банкны болон Засгийн газрын эх үүсвэрүүд буцаан дуудагдах, улсын зээлжих зэрэглэл буурах, эдийн засагт ч хүндрэл үүсэх эрсдэлтэй. Хэрвээ Хөгжлийн банк дефолт болбол Засгийн газрын гадаад өр 838.2 сая ам.доллароор нэмэгдэх эрсдэл ч бий.
М.Мөнхжаргал "Хөшсөн Хөгжлийн банк хөдлөх үү" нийтлэлээс
Долоо. Харилцааны цөм
Хэдийнэ амьдралын бодит үйл явдал, эсвээс хүний ухамсар, төсөөллийн чадамжаас үүдэлтэй дүрүүд тайз дээр биежих боловч тайз өөрөө алс хол оршино. Харин хойд хөршийн залуу найруулагч Екатерина Шихова эл зайг ойртуулж өглөө. Учир нь “Про” театрын ээлжит уран бүтээл болох Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” сэтгэл зүйн драмын жүжигт гарах дүрүүдийн үзэл бодлын сөргөлдөөн нь орчин үеийн нийгмийн чухал асуудлын хамгийн гол цэгийг онож хатгасантай холбоотой байж мэднэ.
Жүжиг бүхэлдээ ээж, хүү хоёрын тус тусын монологоос бүтнэ. Тэд хоорондоо хэзээ ч харилцан ярьж үзээгүй, эцсийн мөчид хэдхэн хором цөөн үг солихоос хэтрэхгүй. Гэхдээ тэрхүү үл ойлголцлын хязгаарыг орлуулж болох зүйл бий. Энэ нь цахим. Хүүтэйгээ ойлголцож чадахгүй болсон Татьяна цахим орчноор дамжуулан харилцаа тогтоож, өсвөр насны хүүгийнхээ үзэл бодолд нэвтрэх гэж оролддог. Түүний өөр хүн болж тоглосон шалтгаан энэ. Тэр ярилцахыг хүссэн. Харин өөр хүн болж тоглосноос үүдэж л хурц зөрчил үүснэ.
Б.Алтанхуяг “Чи тэгээд өөрчилсөн үү?” шүүмжээс
Найм. Таван жил хангалттай
ОХУ Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш долоо хоногийн дараа буюу 2022 оны гуравдугаар сарын 4-нд Европын Холбоо түр хамгаалалтын хөтөлбөрийг баталснаар дайнаас зугтаж ирсэн сая сая украинчууд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авах боломж олгосон. Тэгвэл 2025 оны хоёрдугаар хагасаас Европын орнууд украин дүрвэгсдийг хамгаалах хөтөлбөр түр зуурынх гэдгийг сануулж эхэллээ. Хэдийгээр Европын Холбооны Зөвлөл түр хамгаалах хөтөлбөрөө 2027 оны гуравдугаар сар хүртэл сунгасан ч хойшид Украины дүрвэгсэд ямар статустай оршин суух нь туйлын эргэлзээтэй.Тухайн үед украинчуудын дийлэнх нь нөхцөл байдал намжмагц нутаг буцах мэдүүлэгтэйгээр Европын босгоор нэвтэрсэн. Тэгвэл Европын Дотоод хэрэг, шилжилт хөдөлгөөний комиссар Магнус Бруннесийн хэлснээр шийдвэр гаргагчид түр хамгаалалтад таван жил хангалттай гэдэгт санал нэгдэж байгаа аж. Түр хамгаалалтын хугацааг сунгасан ч дүрвэгсдийн дэмжлэгийг аажмаар бууруулах санал бодол давамгайлж “Татвар төлөгчдийн мөнгө хаашаа явж байна вэ?” гэсэн асуулт олон нийтийн хэлэлцүүлгийн гол сэдэв болж хувирлаа.
С.Лхагвасүрэн "Европын үүд хаагдана" нийтлэлээс
Ес. Хөвсгөлд үлдсэн зүрх
Др.
Гоулден Монголын экологийн шинжлэх ухааны гурван үеийн эрдэмтдийг бэлдэж өгсөн
гавьяатай хүн. Хөвсгөл төсөл дээр дадлагажсан залуу судлаачид өдгөө доктор,
профессорууд, судалгааны багийн ахлагчид, төрийн байгууллагын мэргэжилтнүүд, их
сургуулийн багш нар болжээ.
Хөвсгөл төслийнхөн Др. Гоулденыг төслөө дуусгаад явчихдаг олон улсын зөвлөх биш, харин шавь нараа гардан өсгөдөг, боломж олгодог, судлаач хүний зам руу түлхдэг багш байсан гэж дурсдаг. Тэр залуу судлаачдыг гадаадын академик орчинтой холбож, Филадельфийн Академи, Америкийн их сургуулиудад дадлагажуулж, олон улсын хуралд илтгэл тавих боломж олгож, судалгааны өгүүллээ хэвлүүлэх хүртэл нь чиглүүлж байв. Англи хэл, эрдэм шинжилгээний бичлэг, судалгааны арга зүй, өгөгдөл боловсруулах чадвар, олон улсын хамтын ажиллагааны соёл... Энэ бүхнийг залуу судлаачид Хөвсгөл төслийн бодит ажил дундаас олжээ.
Л.Мөнхзаяа “Хөвсгөлийн хөвөөнд өнгөрүүлсэн 20 жил: Др. Клайд Гоулден”
