
Авто замын компаниудын төлөөлөл Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд битумын үнэ огцом өсөж, нийлүүлэлтийн тасалдал, хомсдол үүссэн талаар гэх асуудлаар ханджээ.
Монгол Улс битум, шатахуунаа голлон ОХУ-аас импортоор авдаг. Гэтэл геополитикийн хүчин зүйлсээс 2026 оны дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн болон дотоодын зах зээлд дизель түлш, асфальтан замын гол орц болох битумын үнэ огцом нэмэгджээ. Тодруулбал, 2025 онд 1 тн битумын үнэ 580 ам.доллар байсан бол өнгөрсөн долоодугаар сарын байдлаар 830 ам.доллар болж өсжээ. Битум нь газрын тос нэрж боловсруулах явцад үйлдвэрийн шаар хэлбэрээр гардаг асфальтан замын гол орц аж.
Үнэ өсөөд зогсохгүй ОХУ-аас татан авч буй битумын нийлүүлэлт саатаж, зарим тохиолдолд олдохгүй болсноор улс, орон нутгийн төсвөөр хэрэгжиж буй төслүүд төлөвлөсөн хугацаанд дуусах боломжгүй, зарим нь зогсох хүртэл эрсдэл үүсжээ.
Тухайлбал, гэрээний үнийг тогтмол нөхцөлөөр байгуулсан төслүүдэд дээрх зардлын өсөлтийг тусгах эрх зүйн болон санхүүгийн механизм байхгүйгээс гүйцэтгэгч компаниуд алдагдал хүлээж, төлбөрийн чадвараа алдах нөхцөл байдал бий болжээ. Авто замын компаниуд үүнийг гүйцэтгэгч дэлхийн зах зээлийн урьдчилан тооцоолох боломжгүй, давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байгаа учраас түлш, битумын үнийн өсөлтийг тооцон төслийн санхүүжилтээ нэмэгдүүлэх хүсэлт гаргасан аж.
Битумын үнийн өсөлтөөс гадна авто замын төслүүдэд ашиглагдаж буй машин механизмуудын ашигладаг дизель түлшний үнэ өмнөх онтой харьцуулахад 30 орчим хувиар нэмэгдсэн. Ингэснээр нэгж ажлын өртөг дунджаар 30 хүртэл хувиар өссөн гэдгийг авто замчид тайлбарлалаа.