
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Н.Учралыг Их хурлын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгийг мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл " АН-ын бүлгийн 41 гишүүн намын дарга УИХ-ын даргаар ажиллаж болохгүй гэдэг шийдвэрт санал нэгдсэн. Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй. Гэтэл Н.Учрал Монгол ардын намын дарга, парламентын даргаар хавсран ажиллаж байна. Нэг нам сүүлийн арван жилд тасралтгүй засаглаж, авлигын системийг угсарлаа. Намын өмнөх дарга нь телевизээр маш ноцтой асуудлуудыг ярилаа. Хууль зүй, шударга ёсны сайд нь авлига авсан талаар мэдээллээ. Ийм завхарсан намын дарга парламентыг удирдах ёсгүй.
Чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга Н.Учрал иргэдтэй уулзахдаа Улсын их хурал ийм ийм шийдвэр гаргана гэж ярилаа. Энэ хүн УИХ-ыг төлөөлөхгүй, зөвхөн хуралдаан зохион байгуулах л эрхтэй. Намын дарга, УИХ-ын даргын ажлаа хольж хутгаж байна. Тиймээс Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан Намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой үйлдэл биш. Парламент олон намын төлөөллөөс бүрддэг, хоёр дэд даргатай учраас асуудлыг шийдвэрлэх боломж, үндэслэл хангалттай бий" гэв.