
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар Европын Хөрөнгө Оруулалтын Банк болон Дэлхийн Банк Групптэй байгаль хамгаалал, газрын нөхөн сэргээлт, тогтвортой эдийн засгийг дэмжих хоёр чухал түншлэлийг өнөөдөр ( 2026.08.24) эхлүүллээ.
Өнөөдөр болсон ёслолын үеэр Монгол Улсын Засгийн газар, Европын Хөрөнгө Оруулалтын Банк хооронд “Монгол Улсын ойн тогтвортой менежмент болон био эдийн засгийн суурь зээл”-ийн Эрмэлзлийн бичигт, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банк Групп “Монголын тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежмент” буюу SMILE хөтөлбөрийн тухай Хамтарсан мэдэгдэлд тус тус гарын үсэг зурав.
Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиотти, Дэлхийн Банк Группийн “Planet” хариуцсан Дэд ерөнхийлөгч Гуанже Чен, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните, Дэлхийн Банк Группийн Байгаль орчны асуудал хариуцсан Дэлхийн захирал Валери Хики, Сангийн дэд сайд Б.Хулан болон холбогдох албаны төлөөлөгчид оролцов.
Ойн тогтвортой менежментэд 200 сая евро хүртэлх санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлнэ
Европын Хөрөнгө Оруулалтын Банктай эхлүүлсэн түншлэлийн хүрээнд Монгол Улсад 200 сая евро хүртэлх санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлэхээр зорьж байна.
Үүнээс Европын Холбооноос техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая евро хүртэлх буцалтгүй тусламж, Европын Хөрөнгө Оруулалтын Банкнаас 100 сая евро хүртэлх хөнгөлөлттэй зээл гаргаж, бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар ажиллах юм.
Санхүүжилтийг зөвхөн ойжуулалт хийхэд бус ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх, доройтсон газар нутгийг нөхөн сэргээх, био эдийн засгийг дэмжих, орон нутагт бизнес болон ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэхээр төлөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн үеэр Монголчуудын амьдрал ахуй, соёл уламжлал газар нутаг, ой мод, ус, бэлчээртэй салшгүй холбоотойг онцлоод, байгаль хамгааллыг хөгжлийн хязгаар бус шинэ боломж болгон харах бодлогыг Засгийн газар баримталж байгааг тэмдэглэв.
“Бид сайхан зорилго дэвшүүлэхээс цааш алхаж, амлалтаа ажил болгож, зорилгоо хөрөнгө оруулалт болгож, хөрөнгө оруулалтаа ард иргэдэд хүрэх үр дүн болгохыг хүсэж байна. Байгальдаа оруулсан хөрөнгө оруулалт бол Монголын ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт юм” гэж Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.
ЕХОБ: Монголын ногоон хөгжлийн бодлого, газрын нөхөн сэргээлтийг дэмжинэ
Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиотти Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очиртой Эрмэлзлийн бичигт гарын үсэг зурсан юм.
Гелсомина Виглиотти хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын “Мод үндэстэй, хүн үйлстэй” санаачилга, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, газрын нөхөн сэргээлт, тогтвортой ойн аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогыг Европын Хөрөнгө Оруулалтын Банк дэмжиж байгааг илэрхийллээ.
Тэрбээр хамтын ажиллагаа нь ойг хамгаалах, нөхөн сэргээхээс гадна тогтвортой ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, ногоон санхүүжилтийн шинэ боломж нээх ач холбогдолтойг онцлов.
Мөн SMILE хөтөлбөр нь газрын нэгдсэн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжил болон эдийн засгийн шилжилтийг дэмжих урт хугацааны суурь болж байгааг тэмдэглэлээ.
SMILE хөтөлбөрт 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлнэ
Хоёр дахь түншлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банк Групп “Монголын тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежмент” буюу SMILE хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж, газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, байгальд суурилсан шийдлийг хөгжүүлэхээр зорьж байна.
Үүний зэрэгцээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон өртгийн сүлжээ, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж, байгаль хамгаалал болон эдийн засгийн хөгжлийг харилцан дэмжсэн урт хугацааны тогтолцоог бий болгоход чиглэнэ.