
Мексикийн эрх баригчдын мэдээлснээр, тус улсын түүхэн дурсгалт бүсэд зэвсэгт этгээд гал нээсний улмаас Канадын нэгэн эмэгтэй амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна.
Энэхүү хэрэг даваа гарагт Мехико хотоос хойд зүгт ойролцоогоор нэг цагийн зайд орших Теотихуакан археологийн бүсэд гарчээ. Албаныхны мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд дараа нь өөрийгөө буудан амиа егүүтгэсэн байна.
Цагдаа нар хэргийн газраас галт зэвсэг, хутга зэрэг иртэй зэвсэг болон сум илрүүлжээ. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум хэргийн явцыг анхааралтай ажиглаж, Канадын Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Испани хэл дээр хийсэн мэдэгдэлдээ тэрээр “Өнөөдөр Теотихуаканд болсон явдал биднийг гүнээ эмзэглүүлж байна. Хохирогчид болон тэдний гэр бүлд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье” хэмээн бичжээ.
Теотихуаканы эртний пирамид, туурь нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн, хамгийн их жуулчин татдаг газруудын нэг юм.
Канадын Гадаад хэргийн сайд Анита Ананд нэг канад иргэн амиа алдаж, өөр нэг иргэн шархадсан болохыг баталж, консулын ажилтнууд тусламж үзүүлж байгааг мэдэгдсэн байна.

Мужийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристобал Кастанеда Камариллогийн хэлснээр, шархадсан хүмүүсийн дунд Колумбын хоёр иргэн, Оросын нэг, мөн Канадын нэг иргэн багтаж байгаа аж.
Халдлага үйлдсэн этгээдийн нэр болон гэмт үйлдлийн сэдлийг одоогоор олон нийтэд зарлаагүй байна.
Асар том пирамидуудтайгаараа алдартай Теотихуакан нь азтекүүдээс ч өмнөх үеийн эртний хот юм. Мөн энэ зун болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр жуулчдад зориулсан шөнийн шоу тус хэсэгт зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Тус тэмцээн ойролцоогоор 5.5 сая гадаад жуулчин татна гэж Мексикийн албаныхан тооцоолж байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс 100 мянга орчим хамгаалалтын ажилтан ажиллуулахаар төлөвлөжээ.